
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир өнөөдөр (2025.05.12) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригез “Монгол, Кубын парламентын бүлгийн гишүүдтэй танилцаж байгаад баяртай байна. 1963 оноос хойш Куба улс нь Монгол улсын оюутан залууст үнэ төлбөргүй сурч боловсрох боломжийг нээж Засгийн газрын тэтгэлэг олгосоор ирсэн. Үүний ачаар 150 орчим Монгол залуус маань Куба улсад суралцаж төгссөн байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд болон мал амьтны эрүүл мэндэд хэрэгтэй био эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх тал дээр бид мөн хамтран ажиллаж байгаа. Цаашид илүү олон зүйл дээр хамтран ажиллахад манай улс үргэлж нээлттэй байна” гэдгийг хэллээ.