
АНУ-д оршин суудаг Монгол гэр бүл Apple компанийн Apple Vision Pro бүтээгдэхүүний сурталчилгаанд тогложээ.
Гэргий Б.Хулан нь найруулагч, зохиолч мэргэжилтэй. Харин нөхөр С.Баяраа нь жүжигчин мэргэжилтэй ажээ. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд бага хүүгийнхээ нэг нас хүртэлх амьдралын хормуудыг эмхэтгэн эхнэртээ бэлэг барьж буйгаар уг реклам өрнөнө.
Энэ сэтгэл хөдлөм мэдээгээ Б.Хулан өөрийн цахим хуудастай ийнхүү хуваалцсан юм.
“Бүтэн нэг жил хүүгийнхээ өсөлт, хөгжлийг бичин авч, гайхамшигтай уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд цацаж байна. Ээж бид нар өдөр тутмын энгийн, давтамжтай мөчүүдийг эргэж харан, тэмдэглэж, баярлаж, ухаарч эргэцүүлэх боломж бараг гардаггүй. Энэ кино Apple Vision Pro бүтээгдэхүүний санд байнга хадгалагдах юм. Дэлхийн алдарт дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай эн зэрэгцэн байршуулагдана гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Ээж аавынхаа хайрыг хүртэх гэж ирсэн амин хоёр үрдээ маш их баярлаж байна. Та хоёр минь том болоод энэ гоё дурсамжаар бахархаж амьдраарай гэж аав ээж хоёр нь хүсье”