
Microsoft компанийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд Gates Foundation сангаараа дамжуулан өөрийн хөрөнгөнийхөө 99 хувийг сайн үйлсэд хандивлахаа мэдэгджээ.
Тэрээр гэргий асан Мелинда Фрэнч Гейтсийн хамт байгуулсан Gates Foundation сангийнхаа 25 жилийн ойн арга хэмжээний үеэр хийсэн мэдэгдэлдээ, 2045 он гэхэд Gates Foundation сангаараа дамжуулан 200 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивлаж, 2045 оны 12-р сарын 31-нд Gates Foundation үйл ажиллагаагаа зогсооно гэжээ. 69 настай Б.Гейтсийн Gates Foundation нь халдварт саа, хумхаа зэрэг өвчнүүдийг устгаж, эмэгтэйчүүд болон хүүхдүүд урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэгээс болж нас барж байгаа явдлыг зогсоож, ядуурлыг бууруулах зорилготой юм.
Gates Foundation сангийн жилийн төсөв 2026 он гэхэд 9 тэрбум ам.доллар болох ба 2027 оноос жилийн 10 тэрбум орчим болж нэмэгдэх ч Б.Гейтс сайн үйлсийн сангуудын хандивлаж буй мөнгө нь улс орнуудын засгийн газруудын эрүүл мэндийн салбарт төсөвлөх ёстой зардлыг нөхөж чадахгүй гэдгийг анхааруулжээ.
Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа Б.Гейтс “Засгийн газрууд төсвөө танаснаас болж ирэх 4-6 жилд нас баралтыг бууруулахад гарсан ахиц дэвшилд огцом ухралт ажиглагдах болно” гэжээ. Түүний хэлснээр нас баралтын тоо огцом өсөж, санхүүжилт буурснаас болж сая сая хүн нас барах аж. Илон Маск АНУ-ын гадаадын улс орнуудад үзүүлэх тусламжийг огцом танасан явдлын тухайд Б.Гейтс, “Дэлхийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн ядуу хүүхдүүдийг хөнөөж байгаа нь нэг их таатай зураглал биш юм.” хэмээн Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Gates Foundation нь байгуулагдсан цагаасаа хойш ядуу буурай орнуудын хүүхдүүдэд вакцины хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх GAVI холбоо, ДОХ, Сүрьеэ болон Хумхаатай тэмцэх Олон улсын сангуудад 100 тэрбум ам.долларыг хандивлан, олон сая хүний амийг авраад байгаа юм.