
Волейболын спортод шинэ өнгө төрх “Дархан Могул” баг 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий бэлтгэлдээ гарлаа
Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спорт үзэгч, хөгжөөн дэмжигчид, хичээллэгчдийн тоогоороо нэлээд дээгүүрт жин татдаг.
Иймээс ч жил ирэх бүр волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн хүрээ өргөжиж, оролцогч багуудын чансаа дээшилж, гаднаас татаж ирүүлж буй импорт тоглогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр тоглолтууд улам л ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн болж яах аргагүй л үзэгч, хөгжөөн дэмжигчдийг татаж чадаж буй. Тэгвэл волейболын спортод нэгэн шинэ өнгө төрх “Дархан Могул” баг дахин шинээ мэндэллээ. Тэд тэмцээний бэлтгэлдээ хэдийнээ гарч эхэлжээ. Тун удахгүй ирэх 6 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Волейболын спортынхон Өврийн сайхан хангайд насанд хүрэгчдийн улсын аварга цолны төлөө өрсөлдөхнээ.
“Дархан Могул” багийг Сангийн Сайд Б.Жавхлан, “Могул” группийн Захирал Ерөнхийлөгч Н.Баттулга нарын санаачлагаар байгуулагджээ.
Ингээд тус багийн бэлтгэлийг зорин очиж “Дархан Могул” клубийн Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаяр болон багийн ахлагч, тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.

“Дархан Могул” клубийн Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаяр: “Дархан Могул” багийг Сангийн сайд Б.Жавхлан болон “Могул” группийн Ерөнхийлөгч Н.Баттулга нарын санаачилгаар байгуулаад бэлтгэлдээ ороод явж байна


-2020, 2021 оны Үндэсний дээд лигийн АШТ-ээр Дарханы 60 жилийн ой тохиолдуулан “Дархан 60” баг байгуулагдсан. “Дархан Могул” баг маань тийм суурьтай баг. Дарханчууд дээр суурилсан энэхүү баг маань ямар ч байсан гурван жилийн тогтвортой гэрээг тамирчидтайгаа байгуулан, лигт өрсөлдөх зорилготой ийм баг байгуулсанд баяртай байгаа. Багийн бүрэлдэхүүнд залуу тамирчид болон Үндэсний лигт тоглох ур чадвартай, мэргэжлийн хэмжээний тоглогчидтой хамтарч бид нар энэ “Дархан Могул” багийг байгуулж байгаа. Энэхүү багийг Сангийн сайд Б.Жавхлан болон “Могул” группийн Ерөнхийлөгч Н.Баттулга нарын санаачилгаар байгуулсан. Тэдний дэмжлэгтэйгээр цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулан Үндэсний дээд лиг, клубүүдийн аварга, залуучууд болон өсвөр үеийн тэмцээн уралдаанд яг энэ клубийн системийг тогтвортой явуулах үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах санал нэгдэн, гарын үсэг зурснаар бидний үйл ажиллагаа ийн эхэлж байна.
Удахгүй Өвөрхангай аймагт болох насанд хүрэгчдийн УАШТ нь Үндэсний дээд лигийн дараа ордог эрэмбэтэй маш том тэмцээн учраас үүнд шилдэг тамирчид оролцдог. Мөн дээд лигт тоглож байсан тамирчид буюу дээд лиг рүү хүч сорьж байгаа ийм залуу тамирчдын чанар чансааг харуулсан ийм гоё, маш том зэрэглэлтэй тэмцээн гэж хэлж болно. Энэхүү тэмцээн бол жилд ердөө нэг удаа болдгоороо онцлогтой. Маш олон ААН байгууллагууд, том клубүүд дараа үеэ, залгамж халаагаа бэлтгэж, харин үр дүн нь ямар шатанд явааг харуулж өгдөг том сорил тэмцээн бий.
“Дархан Могул”-ын хувьд багийн эзэд бүгдээрээ Дарханаас гаралтай. Дасгалжуулагчийн хувьд мөн энэ багийг зохион байгуулж байгаа миний хувьд ч гэсэн Дархан-Уул аймагт төрж өссөн. Дээрээс нь одоо энд тоглож байгаа бас тоглогчдын 50 хувь нь бараг Дарханы тамирчид байгаа.
Ийм баг байгуулагдана гэдэг нь нэг талаасаа Дарханд волейболын спортоор нэгдэн нийлж, цугласан энэ спортод хөлс хүч, хөдөлмөрөө зориулж яваа чин сэтгэлтэй ийм тамирчдад маш том түлхэц болж байгаа.
Хүүхэд залуучууд маань дараагийн үеийнхэн одоо лигийн багтай болж байгаагаараа бодлогын хувьд маш чухал үйл явдал гэж харж байна. Дарханы залуучууд одоо төгсөж гарч ирээд лигийн аль багт хаашаа очих вэ гэдэг байсан бол эдгээр залуу тамирчдынхаа гэрэл гэгээ, замыг нь зөв тодорхой болгож өгч байна гэсэн үг.


“Дархан Могул” багийн удирдлагуудын зүгээс тамирчин залуусынхаа хүсэл мөрөөдлийг нь тодорхой болгож өгч байна гэсэн үг. Үүгээрээ нэгдүгээрт онцлогтой.
-Энэ удаагийн лигт манай багийн бүрэлдэхүүний зарим тамирчдын хувьд өмнө нь лигт орж байсан туршлагатай тамирчид бий. Спортын менежментийн хүрээнд тамирчидтайгаа гэрээ байгуулаад манай багт орж тоглох сонирхолтой залуучуудыг бид нар эгнээндээ элсүүлэх нь бүрэн нээлттэй.
Мөн давуу тал нь гэвэл цаашлаад дэлхий, Олон улсад ч гарах бүрэн боломжтой.
Тэгэхээр манай Монголын лидер тоглогчдын ихэнх нь гадаадын легионероор тоглодог болсон. Үүнтэй адилхан бид нар бас тамирчдыгаа ур чадвар өндөртэй, ахиж дэвших нөөц боломжийг нь бүрдүүлж өгөх гол гүүр нь болох зорилго тээж яваа. Энэ жилийн хувьд багаа маш сайн бүрдүүлээд, цаашдаа илүү өндөр ур чадвар, онцгой арга барилтайгаар гол өрсөлдөгч нарын нэг болох холын мөрөөдөлтэй.


“Дархан Могул” баг “Дархан 60” баг дээрээ суурилаад ингээд баг бүрдүүлээд бэлтгэлээ хийж байна.
-Ер нь дотоодынхоо тамирчдын чадвар чансааг өрсөлдүүлж энэ лигтээ чансаа өндөртэй байхаар баг маань зорьж ажиллаж байгаа. 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ Өвөрхангай аймагт болох гэж байна.


“Дархан Могул” багийн ахлагч Ө.Баярсайхан: Багийн ахлагч бол талбай дээр байгаа “Дасгалжуулагч” гэж хэлж болно
-Насанд хүрэгчдийн УАШТ нь ер нь бол лигийн дараагийн шатны тэмцээн гэж ойлгож болно. Энэ тэмцээний хувьд “Дархан Могул” баг нэлээн өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс шинэ баг учраас өндөр ач холбогдол өгөөд багаа бүрдүүлээд бэлтгэл сургуулилтдаа гараад оролцож байна. Бэлтгэл сургуулилтаа хийж байгаад улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцоно. Одоо “Дархан Могул” баг бүрдээд анхны уралдаан тэмцээн маань 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлж байгаа. Тэр утгаараа бас нэлээн ач холбогдол өгөөд тамирчид маань бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад, бэлтгэл сургуулилтандаа гараад хийгээд явж байна. Миний хувьд багийн ахлагчийн хувьд дасгалжуулагчийн дараа эрэмбээрээ орох, талбай дээр болон талбайн гадна баг тамирчдаа удирдан зөв зохион байгуулах ийм ажлыг хийж явж байгаа.
Тэгээд сүүлийн үеийн залуучууд маань туршлага жаахан дутуу байгаа учраас бид нар тэдэндээ илүү туршлага зааж, талбай дээр залуучуудаа илүү зоригжуулж, дутуу байгаа юмыг нь сайн зөвлөж, болохгүй байгаа зүйл дээр нь хурдан хэлж ярьдаг. Мөн тухайн үед нь талбай дээр моментыг эргүүлэх тийм ажлуудыг хийж, багаа тухайн тэмцээнд амжилттай оролцуулах ийм үүрэгтэй. Багийн ахлагч гэдэг бол талбай дээр байгаа “дасгалжуулагч” гэж хэлж болно.


“Дархан Могул” багийн довтлогч Б.Батхүү: Шинэ багийн бүрэлдэхүүнтэй бэлтгэлдээ гараад гоё байна. Волейболын улирал ч өнгөтэй гоё эхэлж байна
-Би өндрийн довтлогчийн байрлалд тоглодог. Өмнө нь тэмцээн уралдаанд оролцохдоо “Дархан 60” багаас ерөнхийдөө хоёр ч лиг үзсэн. Одоо ингээд 3 дахь лигээ үзэх гээд шинэ багийнхантайгаа бэлтгэлээ хийгээд явж байгаа.
Ерөнхийдөө нэгнийгээ сайн мэддэг, анхнаас нь явж байсан болохоор ах нарыгаа ч тэр тоглолтыг нь мэддэг, ерөнхийдөө Дархан суурьтай тамирчид бий. Түүнээс гадна бие биенээ сайн мэддэг учраас янз бүрийн асуудал байхгүй, үнэхээр гоё л байгаа. Шинэ баг гарч байгаад их таатай байгаа. Тэгээд тэмцээнүүд улам чанаржиж байна. Волейболын улирал ч улам гоё болж байна. 2025 оны насанд хүрэгчдийн тэмцээнд 2 дахь жилдээ оролцох гэж байгаа. Ямар ч байсан улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй бас олон багууд оролцох байхаа.
Би 3 дугаар ангиасаа хойш волейболын спортоор хичээллээд, ер нь багаасаа тасралтгүй хичээллээд одоо хүртэл ингээд спортоороо явж байна.
Ярилцсанд баярлалаа.

