
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд экологийн боловсрол олгох зорилго дор жил бүр зохион байгуулагддаг “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.05.01/ боллоо.
“Хүн бүр байгаль хамгаалагч” уриан дор зохион байгуулагддаг тус арга хэмжээний хүрээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, экологийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар нээлтэд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 0.8 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 19.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хууль бусаар ан агнах, ой хээрийн түймэр үүсгэх, газрын хөрсийг гэмтээх, ургамал, ой мод болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах зэрэг хууль бус үйлдлүүдийг хамруулан авч үзнэ.
Байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагуудын үүрэг бус иргэн бүрийн хариуцлага, ухамсар, оролцоо болохыг ойлгуулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулахыг нээлтийн үеэр уриаллаа.
“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний нээлтэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Феликс Кленк тэргүүтэй ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.