
АН-ын бүлэг өдөр хуралдсан бөгөөд өнөө, маргааш чуулганд оролцохгүй, ирцээ л бүртгүүлнэ гэдгийг бүлгийнх нь дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн байдаг. Харин 14.00 цагаас эхэлсэн үдээс хойших чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга багагүй Д.Амарбаясгалан бухимдаад амжив.
Тэрбээр “Өглөө АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлтэй холбоотой асуудалд завсарлага авахгүй, чуулганы хуралдаандаа оролцоно гэж илэрхийлж байсан. Тэгэхээр хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас чуулганы хуралдаандаа оролцохыг хүсэж байна. Таван минутын хугацаа өгье. Ер нь энэ УИХ-ын үйл ажиллагаа гэдэг чинь хэн нэг хүний, хэсэг бүлэг нөхрүүдийн хоорондоо ойлголцоогүй, бие биеэ эмзэглүүлэх үг хэлсэнтэй холбоотойгоор гацаж, саатаж байдаг зүйл биш. Хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан бүлэг завсарлага авдаг. Үдээс өмнө хэлэлцэх асуудалтай холбогдуулан завсарлага авсан. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулсан АН, МАН, ХҮН намуудын хооронд үл ойлголцол, улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурсан зөвлөл уулзаж, асуудлаа ярих хэрэгтэй. Нэг нэгэндээ гомдсон, туньсан байдлаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байгаа. Аль, аль талдаа зарчимтай, хүндэтгэлтэй хандах ёстой. Цаашдаа УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ-ын үйл ажиллагаа гацаж, саатдаг жишиг рүү бид орох юм уу. Би бол тийм жишигт оруулахгүй. Хэндээ эрхлээд байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй шүү дээ. Ард түмэн ажлаа хий гэж та нарыг сонгосон. Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байна уу. Танхим дотор ард түмнийхээ аж амьдралыг яаж сайжруулах уу, орлогыг нь яаж нэмэх үү гэдэг дээр хэрүүл хийгээд сууж байх ёстой шүү дээ. Гэтэл ялихгүй асуудал дээр хэрүүл хийгээд “бойкот” хийгээд байж байх юм. Би аль, аль намд нь зориулж хэлж байгаа шүү” гэв.
Ийнхүү таван минут хүлээхэд АН-аас О.Алтангэрэл, Р.Эрдэнэбүрэн, Ж.Батсуурь нар чуулганы танхимд орж ирэв. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар юм.