
Анхан шатны шүүхээс УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг цагаатгаж, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланд хоёр жилийн ял оноогоод байсан юм. Харин өчигдөр /2025.04.30/ давж заалдах шатны шүүх хурал болж, З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд оноосон хоёр жилийн ялыг хүчингүй болгожээ.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Учир нь, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхийлөн тодорхойлсон байна.
Тодруулбал, яллах дүгнэлтэд авто замын ангилал шилжүүлэх болон эзэмшүүлэх шийдвэр гаргаснаараа ямар эрх зүйн үр дагавар үүсгэж, энэ нь нийгэмд аюултай, гэм буруутай ямар үйлдэл эс үйлдэхүй болохыг тодорхой дүгнээгүй байгаагаас гадна Б.Энх-Амгаланг нийтийн, эсхүл улс төрд нөлөө бүхий гэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлоогүй атал анхан шатны шүүх яллаагүй үндэслэлээр Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.
Түүнчлэн, тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч тус бүрийн хамтран оролцсон хэлбэрт зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа аж.