
Урьдчилан сэргийлэх боломжтой хавдраа байхгүй болгож чадах юм бол, хавдрын шалтгаант нас баралт болон өвчлөлийг 25 хувь хүртэл багасгаж чадна. Өөрөөр хэлбэл 75 хувь нь үгүй болох боломжтой талаар ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүү мэдээллээ. 2030 он гэхэд манай улс умайн хүзүүний хавдаргүй болох зорилт тавьсан байна. Энэ нь 100 мянган хүн амд дөрвөн хувь хавдар байж болно гэсэн үг. Одоогоор энэ тоо 20.1 хувьтай байгаа юм.
Тэрээр, “Хүний паппилома вирус умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болдог. Бусад шалтгаан нь тамхи, бэлгийн замын өвчнүүд, түүнээс гадна жирэмснээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэх шалтгаанууд байдаг. Хамгийн том хүчин зүйл нь бол дархлаа муудах. Хэрэв дархлаа сайн байх юм бол хавдрын эс хөгжихөөс хамгаалж чадна. Нийт 10 хүний найм нь хүний паппилома вирусээр өвддөг. Энэ нь хүрэлцэх замаар халдварладаг вирус шүү дээ. Үүний 90 хувь нь өөрөө цэвэршээд, биеэс гадагшлах боломжтой. Үлдсэн 10 хувь дээр нь умайн хүзүүний өөрчлөлт, шархлаа, цаашлаад хавдрын тухай ярьж байгаа юм” гэлээ.
Тэрээр, “Дөрвөн хүүхэд тутмын нэг нь вакциндаа хамрагдсан байна гэдэг бол сайн үзүүлэлт. Бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжээр дархлаажуулалтын тусламж үйлчилгээг хүн амдаа хүргэдэг. Үндэсний товлолд дархлаажуулалт 600 гаруй цэгт байнгын тасралтгүй зохион байгуулагддаг. Одоогийн байдлаар 40 хувийн хамрагдалтай зохион байгуулж байна. Хэрвээ үндэсний товлолд дархлаажуулалтаас хоцорсон хүүхэд байх юм бол нөхөн дархлаажуулж байна. Ээжүүд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ вакцинд хамруулаагүй хоцорсон бол нөхөн дархлаажуулах боломж байгаа” гэв.