
“Багшийн эрдэм шавьд”. Энэ хорвоо ертөнцөд бүх л салбарт хүн бүхэн багшийн гараар дамжиж, боловсролын, спортын ер нь хүмүүжил төлөвшлийн гээд л сууриа тавьдаг. Сайн багшаас сайн л шавь төрнө. Тиймээс боловсролд ч бай, спортод ч бай анхны сууриа зөв тавихын тулд сайн багшийг л сонгох чухал.

Түмний үрсэд өөрийн сурсан мэдсэнээ зааж, сургаж, бүх л цагаа зориулж яваа багшийн алдрыг магтан дуулж, бахархмаар сэтгэгдэл яахын аргагүй төрдөг. Тэгвэл жүдо бөхөөр хичээллэж байгаад жюү жицүгийн спорт руу хөрвөж, шилдэг тамирчны замналаа сайн багшийн үйл хэргээр үргэлжлүүлэн яваа “Thunder BJJ” академийн ахлах дасгалжуулагч Б.Хулантай болон түүний шавь нарын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.


Б.Хулан: Хүүхэд бол яг цав цагаан цаас шиг тийм гэгээлэг хөөрхөн ертөнц
-Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулъя
-Сайн байна уу? Намайг Хулан гэдэг. Би жүдо болон жюү жицүгээр хичээллээд одоо нийтдээ 16-17 жил болж байна. Миний хийж байгаа үйл ажиллагаа гэх “Thunder BJJ” академийн ахлах дасгалжуулагчаар хүүхдүүддээ багшлаад явж байна.
-Жюү жицү бол уян хатан чанарын илэрхийлэл. Маш өвөрмөц спортын төрөл. Саяхан энэ төрлөөрөө хар бүс авсан тухайгаа сонирхуулна уу?
-Сая энэ жил анх хар бүсээ хүлээж авсан. Жүдо, жюү жицүгийн тамирчдын хувьд жүдо ч бай, каратэ, таеквондо, аль ч спортын төрөлд бүсний зэрэг гэж байдаг. Цагаан, цэнхэр, ягаан, бор, хар бүс гээд одоо манай жюү жицүгийн хувьд байдаг. За хар бүсийг бол ер нь дор хаяж 10-аас дээш жил хичээллэж байгаад тодорхой хэмжээний амжилт гаргасан тохиолдолд хар бүсээ авдаг. Тэгээд миний хувьд энэ жил хар бүсээ авсандаа их баяртай байгаа.
-Одоо өөрийн тань хувьд аль дүүрэгт багш дасгажуулагчийн алба хашиж байна вэ?
-СХД болон БГД дээр манай клубийн нийт тамирчдын тоо бол ер нь бол 100 гарчихсан байгаа. Харин СХД-т маань нэг ойролцоогоор 60-70 хүүхэд хичээллэдэг. БГД-т 40-50 хүүхэд ингээд хичээллээд бэлтгэл сургуулилтаа хангаад явж байгаа.
-Яг хэзээнээс дасгалжуулагчийн албанд шилжив?
-Би 3 жилийн өмнөөс авхуулаад байнга тогтмол хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэрний өмнө өөрөө ингээд бэлтгэлээ хийгээд барилдаад, тэмцээн уралдаанд оролцоод явж байсан үеэсээ илүү дасгалжуулагч болоод эхэлсэн цагаас авхуулаад миний барилдаан хүртэл маш өөр болсон. Ер нь бол эрт сайжирсан гэж хэлж болно. За тэгээд хүүхдүүдтэй ажиллахын нэг гоё давуу тал бол хүүхдүүдэд хэзээ ч тийм муу санаа байдаггүй.
-Хүүхэдтэй ажиллах маш торгон мэдрэмж шаарддаг байх. Ялангуяа багш хүний хувьд хүүхэд багачуудтай хэрхэн мэдэрч харилцах хандлагаас авхуулаад л онцлогтой байх?
-Хүүхэд бол яг цагаанаараа яг л цагаан цаас шиг. Ингээд яг өөрөө өөрсдийнхөө байгаа ертөнцөөр харьцдаг нь маш их таалагддаг. Тэгээд дээрээс нь хүүхдүүдэд ингээд хичээл заахад нөгөөдүүл маань хурдан сурна. Хурдан сурахгүй байсан ч гэсэн тэд нарыгаа ингээд хойноос нь ингээд л хөөцөлдөөд л, бөөцийлөөд л хүүхэд өсгөж байгаа юм шиг сургаад явахаар дараа нь тэрийг харахаар надад маш их тийм гоё. Сэтгэлийн хувьд бүх зүйлээр маш тийм гоё таашаалтай байдаг. Ингээд энэ хүүхдүүд маань барилддаг болчихсон шүү. Эсвэл өнхөрч чаддаггүй байж, байгаад өнхөрч чаддаг болсон шүү гэдгийг нь харах бас гоё байдаг. Тэгээд дээрээс нь хүүхдүүд тэмцээнд оролцоод дэвжээн дээр гарч байгаа тохиолдолд, хожигдоод болон хожоод буугаад ирэх үед өөрөө тамирчин байсан хүн болохоор тэр мэдрэмжийг цугтаа мэдэрдэг. Энд ийм хэцүү байгаа шүү ч юм уу, эсвэл энд ийм урам авч байгаа шүү гээд яг тэр болгон дээр нь тухайн үед өөрийнхөө хүүхэд байх үедээ авч байсан сэтгэл зүйн мэдрэмж ч юм уу, хэрвээ тэр үед надад тийм хандлага байсан бол ч юм уу, эсвэл багш минь надад тэгж гоё ханддаг байсан шүү гэдэг тэр хандлагаар аль болох тэрэн дээрээ нэмээд сайжруулаад хүүхдүүдтэйгээ илүү их гүнзгий харилцахыг хичээдэг.
-Хамгийн сүүлд шавь нартайгаа Олон улсын ямар тэмцээнд оролцов?
-Шавь нарын маань хувьд сая хамгийн анхны Жюү жицүгийн Гранд сламын аварга боллоо.
Мөн дээрээс нь өсвөр залуучуудын анхны Азийн аварга төрлөө. Монголдоо яг 2 дэлхийн аваргад манай монголчууд илүү оролцдог, бүсний ангилалтай болон ангилалгүй нөгөө хоёр холбоонд маш их тэмцээнд оролцож байдаг. Тэр хоёр холбооноос хоёулангаас нь 1 жил зэрэг 2 медаль дэлхийн аваргын хоёр медаль авсан. Ийм анхны тамирчид гарлаа.
Ер нь шинэ эхэлж байгаа клуб, шинэ үүсэж байгаа клуб гэдгийнхээ хувьд манай хүүхдүүд маш өндөр амжилт гаргасан юм болов уу гэж харж байгаа.


“Thunder BJJ” академийн тамирчин О.Мөнхтүвшин: Хулан багш маань найз шиг, бас ээж шиг байж чаддаг их төгс хүн
-Намайг Олонбаяр овогтой Мөнхтүвшин гэдэг. Одоогоор би “Thunder BJJ” академид харьяалагдаж бэлтгэлээ хийж байгаа. Одоо 17 настай. Би анх Хулан багш дээрээ 2023 онд жюү жицүгийн бэлтгэл хийх гээд орж ирж байсан. Түүнээс хойш Хулан багш дээрээ энэ академидаа бэлтгэлээ хийгээд явж байна. Багшийнхаа удирдлагад жюү жицүгээр хичээллээд оноо олгох тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл медаль зүүсэн. Мөн саяхан болсон Тайланд улсад Азийн аваргаас нэ-ваза төрөлд нь 5 дугаар байр, файтинг төрөлд нь хүрэл медаль хүртсэн. Ийм амжилттай явж байна.
Манай багш бол найз шиг, ээж шиг ер нь бол их төгс хүн. Тэгээд өөрөө ч сайн барилддаг, одоо ингээд жирэмсэн хүүхдээ гаргах гээд ер нь бэлтгэлдээ ч хамрагдаж чадахгүй энд явж байгаа. Багштайгаа өнгөрүүлсэн хамгийн гоё дурсамж гэвэл сая Тайланд улсын Азийн аварга юм болов уу?
Тэнд л их гоё дурсамжууд болж өнгөрсөн дөө.


“Thunder BJJ” академийн тамирчин М.Түмэнжаргал: Би “Гэрэл” төслийн хүрээнд олон хүүхдийн нэрс дундаас сугалаагаар сонгогдон орж ирсэн
-Сайн байцгаана уу? Намайг “Thunder BJJ” академийн тамирчин Мягмаржавын Түмэнжаргал гэдэг. Одоо яг “Гэрэл” төслийн хүрээнд буюу Оюутолгой компанийн төслөөр жюү жицүд орж ирж байсан. Анх яг энэ төслөөр орно гэж байхад манай ангид сугалаа явуулсан. Сурагчдын нэрсээр сугалаа явуулаад сургуулийн нийгмийн ажилтан орж ирээд тийм спорт байна аа явах хүүхэд байна уу гээд асуусан. Манай ангийн хүүхдүүд бүгдээрээ ер нь маш ихээр явахыг хүссэн. Би тэр дундаа ч гэсэн яг адилхан, ер нь маш сонирхолтой байсан.
Зодоон ч юм уу, одоо яг тиймэрхүү л нэг спорт байна гэсэн хэрнээ цаанаа нэг тийм сонирхол татаад байсан болохоор бас тухайн үедээ гараа өргөөд явъя гэж хэлсэн. Гэтэл тэр олон хүүхдүүд дундаас бүх хүүхдийн нэрсийг бичээд хийсэн малгай дотрыг нь сугалахад миний нэр гарч ирж байсан. Ингээд нийт 38 хүүхдээс гарч ирж байсан болохоор би яг тухайн үед бол энэ спортод илүү орж ирсэндээ баярладаг. Яг манай багшийн зан ааш нь бол хэтэрхий нэг юманд маш, тууштай төлөвлөж үүндээ хүрнэ дээ гэсэн бол заавал тийм хүрч байж сэтгэл санаа нь амардаг юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол яг миний хоёр дахь ээж гэж хэлж болно. Бас миний яг бүх хүний сэтгэл зүйч, бүх юмыг минь зааж зөвлөдөг, ойлгохгүй байхыг хүртэл ингээд наадах чинь яг ингэнэ ээ гэж зааж байдаг. Би юмыг жоохон удаан ойлгох ойлгочихдог болохоор Хулан багш яг ингэ тэг, ийм тийм гээд маш сайн тодорхой зааж өгдөг.
Ярилцсанд баярлалаа.