
Автобусны жолооч, автобаазын ажилчид кофе шоп нээжээ. Тодруулбал, “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ кофе шоптой болсон байна. Кофе шопынх нь нэр “Depo”. Тэнд американо 2500 төгрөг, Латте 4500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Мөн зөгийн балтай сүү, халуун чацаргана, аарц мөн 1500-4000 төгрөг гэж байлаа.
Бид “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын захирал Э.Энхтөрөөс шинээр нээгдсэн кофе шопынх нь талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай жолооч нар үүрийн гэгээгээр ирж, үдшийн бүрийд харьцгаадаг. Маш хямдхан үнэтэй кофе их найруулж уудаг. Энэ нь ходоодны шарх болон ходоодны өвчний эх үүсвэр болж байна. Эрүүл ажилтан манай байгууллагын бахархал. Тиймээс бид жолооч нарыгаа эрүүл ахуйн хувьд шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглээсэй гэдэг үүднээс кофе шоптой болоод буй нь энэ. Алх, хадаас бариад л ирцгээсэн, ажилчид маань. Их бага гэлтгүй оролцож энэ кофе шопыг нээсэн. Одоо бидний сууж байгаа ширээ сандлыг жолооч нар маань хандив туслалцаагаар бүтээсэн.
Манай энэ кофе шоп 24 цагаар ажилладаг. Жолооч нар маань хэдэн цаг ч бааз дээрээ ирсэн онгорхой байж л байна. Хажууханд нь саяхан сонгон шалгаруулалтаар орсон хоолны газар бий. Жолооч нар маань өглөө ажилдаа гарсан бол үдээс хойш ээлж солигдож бууж ирээд фитнест явах боломжтой. Хэрвээ үдээс хойш ээлжтэй жолооч нар байвал өглөө ажил дээр ирээд бэлтгэл хийчхээд үдээс хойш ажилдаа гардаг. Фитнес маань 24 цаг нээлттэй, бүх ажилчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой” гэв.