
УИХ-ын чуулганы өчигдрийн/2025.04.24/ хуралдаанаар гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Өвөлжилт хүндэрч, хавартаа мал улдаж, өвс тэжээл өндөр үнэтэй болсон. Тухайн үеийн хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан.
Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.
Ингэснээр хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаанбуудайн дээд болон I гурил импортолсон.
Гэхдээ стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл эрхлэгчид ашиггүй болж, хойд хөршөөс импортоор оруулж ирж буй гурил худалдааны орон зайг нь хямд үнээр эзэлчихээд байгаа. Цаашлаад иргэд хямдхан, сонголттой гурил авах нөхцөл бүрдсэн гэж харж болох ч үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид хаалгаа барих, ашиггүй ажиллах нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газраас уг хуулийг өөрчлөх төсөл УИХ-д өргөн барьж, нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.
Салбарын сайд танилцуулахдаа, “иргэд нэн тулгамдаж буй асуудлаар үнийн өсөлт гэж нэрлэсэн бөгөөд төрөөс эл асуудлыг хэрхэн оновчтой, үр дүнтэй зохицуулах талаар шийдвэр гаргаж, ажиллах ёстой гэдэг байр суурийг гишүүд олонтаа илэрхийлсэн. Энэ шалтгааны улмаас 2021-2024 онд гурилын үйлдвэрүүдэд нийт дүнгээрээ 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Зарим үйлдвэр хөнгөлөлттэй зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тухайн үед шалгалтаар илэрч байсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бүх юм монголд үнэтэй, хилийн цаана хямд, ингээд үргэлжлээд байвал манай улс юугаар ч өрсөлдөж чадахгүй

Сайд байнгын хороон дээр болон чуулганы хуралдаан дээр байдал ковидын үед хэцүү болчихсон байсан гэж хариулаад байна. Одоогийн Ерөнхий сайд тухайн үед Ерөнхий сайд байсан. Та тэр үед та Их хуралд байгаагүй. Бид ажлаа хийж байсан шүү сайд аа? Ковидын үед нэг айхтар ангал руу унаж байсан юм шиг дахин дахин битгий дурдаад байгаарай гэдгийг бас танд хэлье. Мөн гишүүдийн санал болгож буй зөв, зүтэй саналыг хүлээж авах нь зөв. Үүнийг тантай санал нэг байна, дэмжиж байна гэх мэтээр хүлээгээд аваарай. Энэ хэлэлцүүлгийг хуулийн төслийг сайжруулах гэж л явж байгаа. Тиймээс зөв талуудыг нь тусгаад авах хэрэгтэй. Таны жишээ авч буй Европын Холбоо,Япон улс эдийн засгийн хувьд үнэхээр боломжтой, чадалтай улсууд нэг салбараа олон жил дэмждэг юм. Гэтэл манайх ямар эдийн засагтай, ямар төсөвтэй, хэчнээн жил алдагдалтай төсөвтэй явж байгаа улс билээ. Тэгээд хэдэн жил дэмжих ёстой юм бэ гэдгийг анхаараарай. Дэмжинэ гэдэг дээр нь би эсрэг зүйл алга, дэмжих ёстой. Монгол Улс үнэтэй улс болж болохгүй.Бүх юм хилийн цаана хямд, наана үнэтэй. Ингээд байвал юугаар ч өрсөлдөж чадахгүй шүү.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Салбарын сайд та монополь болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла


Парламентын 126 гишүүдийн дунд үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэсэн бодолтой хүн нэг ч байхгүй. Салбарын бодлого буруу байна гэдэг дээр асуудал яриад байгаа юм. Үнээ дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн шийдвэр гаргаад жил ч болоогүй байна. Гурилын үнэ одоо л буурч эхэлж байна. Нэгдүгээрт, гурилын зах зээл дээр 2020 оноос хойш үнэ яагаад өссөн талаар салбарын сайд та юу гэж бодож байна? Атрын аяны дараа 37 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэж та хэллээ. Одоо 9 болсон байна. Аж ахуйн нэгжүүд яагаад шахагдав? Салбар ямар бодлого гаргаж ажиллав? Үүнийгээ дагаад үнэ өсчихсөн юм биш үү гэж харагдаад байна. Хоёрдугаарт, ковидын үед юмны үнэ өссөн гэж ярилаа. 2022 оны нэгдүгээр сард өмнөх онтойгоо харьцуулахад хүнсний инфляци 22, дундаж инфляци 12 хувь өссөн. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна? Төсвийн байнгын хорооны хурал дээр ч та хэлсэн ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм байна. Үйлдвэрлэл, газар тариалан чухал, харин хэрэглэгч хамаатай зүйл бишээ гэж хандаж байна. Өчигдөр та японы жишээг ярьж байсан. Япон жилд 770 тн будааг татваргүй импортоор оруулж ирдэг. Түүнээс дээш оруулж ирвэл татвар тавигддаг квоттой. Квоттой холбоотой санал оруулж ирэхгүй байсан уу? 2020 оноос хойш гурилын нийлүүлэлт ямар байсан бэ? Тоо баримт байна уу? Харахад нийлүүлэлт буураад үнэ өсөөд байсан. Импортын бодлого нээгдээд жил орчим хугацаанд үргэлжилж байна. Гэтэл үйлдвэрлэл 40 хувь буурлаа гэдэг нь ямар үндэслэлтэй вэ?
Үнийг зах зээл шийдээд бусдыг нь бид мэднэ гэж хандаж байна. Гурилын салбарт төрөөс өгч буй шууд дэмжлэг, зэх зээлийн систем дээр нь хамгаалалт гэсэн 3 зүйл нэмэхээр иргэдийн нуруун дээр ачаа нь ирнэ л дээ. Тодорхой юм тэр л байна. Хохирч үлдэх нь иргэд. Хууль эрх зүйн орчны шинэчлэл их чухал байгаа юм. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг өөрөө их чухал. Өчигдөр өгсөн мэдээллийг гуйвуулаад цахим орчинд түгээж байналээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Малын тэжээлийг татваргүй болгох нь зөв


Хил гаалийн ипмортын татвар, тарифтай холбоотой асуудлаас илүүтэй экспорт, импортын уян хатан тохируулгыг хийж өгөх талаар ямар бодлогын арга хэмжээ авах вэ?
Мөн энэ таримлын сонголтон дээр ямар бодлого барьж байгаа вэ? Яг үнэндээ зах зээлийн эдийн засаг сонголттой байх ёстой. Юу тарихаа сонгодог, экспортод юу гаргахаа сонгодог, гурилын үйлдвэрүүдээ нийлүүлэх зах зээлээ сонгодог энэ тогтолцоог төрөөс бүрдүүлж өгөхгүй бол үндсэндээ УИХ-ын гишүүдийн яриад байгаа зүйлс бодитой байгаа. Ялангуяа Ц.Идэрбат гишүүний саналтай санал нэг байна. Тариаланчдын хөдөө аж ахуйн салбарын нэг багана гээд дэмжих нь зөв. Гэтэл нөгөө талдаа малчдын махны үнэ нэмэгдэхгүй байгаа болохоор тэд үнэтэй гурил хэрэглэхэд хүндрэлтэй. Тойрогт ажиллахад иргэдийн зүгээс энэ зүйлийг хамгийн их тавьдаг. Зах зээлийн сонголттой холбоотой зүйл дээр ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг хуулийн төсөл оруулж ирж буй субьектээс асууж байна. Бодит байдал дээр үйлдвэрүүд үнээ монополь байдлаар тогтоодог. Хол газраас тээвэрлээд ирнэ. Нөгөөх нь экпортолж чадахгүй болохоор хэлсэн үнээр нь авдаг. Тогтоосон үнээр нь авахаас өөр сонголтгүй болж буй учраас тариалан эрхлэгчдэд хүндрэлтэй тусч байгаа. Бодоод үз. Төрөөс дэмжээд байдаг. Тодорхой зээлийн бодлого, тодорхой хөнгөлөлтэй нөхцөлөөр дэмжээд байдаг атал яагаад хөл дээрээ тогтож чадахгүй байна вэ гэдэг дээр маш том дүгнэлт хэрэгтэй. Ийм учраас өндөр ургац авсан жил нь борлуулалтыг нь яаж дэмжих вэ? Төр бол гадаад зах зээлтэйгээ аль болох асуудлыг л том бодлогоороо хийх ёстой. Тэгвэл тариаланчид ашгаа олоод өндөр ургац авсан жилээ тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийгээд, мөн санхүүжилтдээ хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орон бүрд тарифын бодлогоор дотоод зах зээлээ “хамгаалсан, сөргөлдсөн” нөхцөл байдал үүссэн


Энэ оны тариалалт 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлнэ. Тариаланчид улаанбуудай тарих, өөр зүйл тарих уу гэдгээ сонгох энэ үед өнөөдөр хэлэлцэж буй төслийн хүрээнд тариаланчид, гурил үйлдвэрлэгчид хоорондын асуудал руу ороогүй, харин газар тариалангийн салбарын асуудлаа шийдвэрлэх юм. Дараа нь үнэ болон шударга өрсөлдөөн, хүнсний хангамжтай холбоотой асуудлуудаа үе шаттайгаар, бодлогын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой.
Жилдээ 600 сая тонн үр, тариа хурааж авдаг БНХАУ, дэлхийн улаанбуудайн 20 хувийг дангаараа нийлүүлдэг ОХУ-ын дунд Монгол Улс жилдээ 300-400 мянган тонн улаанбуудай хурааж, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Өнөөдрийн байдлаар 1 кг гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500-2800 төгрөг байгаа ч өргөн дэлгэр газар нутагтай улс орны онцлогоор 1000 мянган км зайнд тээвэрлэхэд өртөг нь тэр хэрээрээ нэмэгдэж, эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй болж хүрдэг тухай Ж.Энхбаяр сайд онцоллоо.
Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Гурилын үнийн тоон өсөлтийн график Эх сурвалж: MEC

