
The Wall Street Journal болон Bloomberg агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа АНУ-ын импортын татварын нэмэгдлээс чөлөөлөгдөхийг хүссэн улс орнуудаас Хятадтай хийж буй худалдаагаа хязгаарлахыг шаардахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэнтэй холбоотойгоор Хятадын Худалдааны яам мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлдээ Бээжин АНУ-тай БНХАУ-ын эсрэг өргөн хүрээний эдийн засгийн гэрээ хэлэлцээ хийхгүй байхыг улс орнуудад анхааруулж, БНХАУ-ын эдийн засагт хохирол учруулах гэрээ хэлэлцээ хийсэн улс орны эсрэг хариу хатуу арга хэмжээ авах болно гэдгээ онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын эхээр АНУ-тай худалдаа хийдэг улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмж буйгаа зарласан билээ.
Ингэхдээ Вашингтон Хятадын импортын барааны татварыг 145 хувьд хүргэсэн бол Бээжин үүний хариуд АНУ-ын импортын барааны татварыг 125 хувь болгон нэмэгдүүлсэн билээ.
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грирын мэдээлснээр дэлхийн 50 орчим улс Д. Трампын татварын нэмэгдэлтэй холбоотойгоор АНУ-тай гэрээ хэлэлцээр хийх хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа аж.