
Пап лам Францис таалал төгссөнтэй холбоотойгоор Ватикан Ромын Католик сүмийн тэргүүнийг сонгох мянган жилийн түүхтэй үйл явцыг эхлүүлэх юм.
Пап ламын томилсон улс орнуудын католик сүмийн тэргүүнүүд буюу кардиналууд Ватиканд цуглаж, Ромын Католик сүмийн Дээд Их Хамбыг сонгох юм.
Пап ламыг сонгох үйл явц нь дунджаар 2-3 долоо хоног үргэлжилдэг ч үүнээс ч урт хугацаа шаардагдах тохиолдлууд байдаг аж. Пап лам Францис өөд болсонтой холбоотойгоор АНУ-ын Католик сүмийн кардинал Кевин Фаррелл шинэ Пап лам сонгогдох хүртэл Ромын Католик сүмийн тэргүүний үүргийг гүйцэтгэх юм.
Тэрээр уламжлал ёсоор өнгөрсөн даваа гарагт Пап ламын албан ёсны өргөө болох Апостолын ордон дахь Пап ламын өрөө тасалгааг лацдаж, гашуудлын үйл явцыг эхлүүлжээ.
Ирэх өдрүүдэд кардиналууд Пап лам Францисын оршуулгын ёслолын тов болон шинэ Пап ламыг сонгох санал хураалтын товыг тогтоох аж. Уламжлал ёсоор Пап лам таалал төгссөнтэй холбоотойгоор католик сүм гашуудлын 9 хоног зарласан ба Пап лам Францисыг оршуулах ёслол 4 ба 6 дахь хоногийн хооронд болох ёстой аж.
Пап лам өөд болсны дараа шинэ Пап ламыг сонгох санал хураалтад оролцох эрхтэй 80-аас доош настай кардиналууд дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд цуглах ба санал хураалтын үйл явц Пап лам өөд болсноос хойш эртдээ 15 дахь хоног дээр, сүүлдэж 20 дахь хоногоос эхлэх аж.
Санал хураалт Сикстиний сүмд явагдах ба кардиналууд тус бүрд тарааж өгсөн цаасан дээр “Eligo in Summum Pontificem” (латинаар “Би тэргүүн понтификээр сонгож байна”) гэсэн үгсийн доор шинэ Пап ламын нэрийг бичиж, хэргэм зэргийн дарааллаар нугалсан цаасаа цөгцөнд хийнэ.
Кардиналуудын 2/3-ынх нь саналыг авсан кардинал нь Ромын Католик сүмийн шинэ тэргүүнээр томилогдох юм. Санал хураалтын дүн гарч, шинэ Пап лам сонгогдсон тохиолдолд Сикстиний сүмийн оройгоос цагаан өнгийн утаа гарч, 30-60 минутын дараа шинэ Пап лам Гэгээн Петрийн талбай руу харсан тагтан дээр сүсэгтэн олны өмнө гарч, мэндчилэх юм.