
Их Британийн долоо хоног тутмын Heart анагаах ухааны сэтгүүлд, дундаж болон дунджаас дээш хурдтай алхах нь зүрхний хэмтэй холбоотой бүх төрлийн эмгэгт өртөх эрсдэлийг 35-45 хувиар бууруулдаг болох нь тогтоогджээ.
Судлаачид 40-69 насны 420 мянга гаруй иргэдийн дунд явуулсан асуулга болон тэдгээрийн 82 мянгынх нь алхалтын хурдын хэмжилтийн үр дүнг нэгтгэн боловсруулсны үндсэн дээр дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
Санал асуулгаар судлаачид иргэдээс алхалтын хурд нь удаан буюу цагт 4.8 км-ээс удаан алхдаг, дундаж буюу цагт 4.8-6.4 км алхдаг, хурдан буюу цагт 6.4 км-ээс хурдан алхдаг эсэхийг нь асуужээ.
Түүнээс гадна 82 мянган иргэдийн алхалтыг хэмжсэн үзүүлэлтээс харахад өдөрт 5-15 минут 4.8-6.4 км/ц хурдтай алхах нь зүрхний хэм алдагдлын эмгэгт өртөх эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ.
Зүрхний хэм алдагдалтай холбоотой эмгэгүүдэд нийтлэг тохиолддог зүрхний тосгуураас эхлэлтэй хэм алдагдал буюу тосгуурын фибриляци зүрхний хэм жигд бус байх эмгэг, брадиаритмия буюу зүрх нь 1 минутад 60-аас бага цохилох эмгэг, зүрхний ховдлын хэм алдагдал буюу зүрх хэт хурдан цохилох эмгэг зэрэг багтах аж.
2024 оны байдлаар дэлхий даяар нийт 60 сая орчим иргэн зүрхний тосгуураас эхлэлтэй хэм алдагдал буюу тосгуурын фибриляци эмгэгтэй гэж гарсан ба зүрхний хэм алдагдлын эмгэгтэй иргэд зүрхний шигдээс, харвалтад өртөж, эрт нас барах өндөр эрсдэлтэй аж.
Зүрхний хэм алдагдлын эмгэгүүдийг эмчлэх эм эмчилгээ байдаг ч ямар ч өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь илүү өндөр ач холбогдолтой болохыг эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаачид онцолсоор байгаа билээ.
Алхалтын хурд болон зүрхний хэм алдагдлын эмгэгт өртөх эрсдэл хоёрын уялдаа холбоо 60-аас доош насны хүмүүс, жингийн илүүдэлгүй хүмүүс, даралт өндөртэй болон архаг эмгэгтэй хүмүүс мөн эмэгтэйчүүдийн дунд хамгийн хүчтэй байсан байна.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол тосгуурын фибриляци буюу зүрхний тосгуураас эхлэлтэй хэм алдагдлын эмгэгт өртөх нь харьцангуй бага ч гэсэн хэм алдагдлын эмгэгтэй эмэгтэйчүүд хэм алдагдалтай эрчүүдээс илүү зүрхний шигдээс болох, харвах эрсдэлтэй аж.
Судлаачид хурдан алхах нь цусан дахь холестерол, глюкоз, цусны даралтыг бууруулж, жин нэмэхээс сэргийлснээрээ зүрхний хэм алдагдлын эмгэгт өртөх эрсдэлийг бууруулдаг болохыг онцолжээ.