
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр мэдээллээ.
Тэрээр “Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм. Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Харин хэр хэмжээнд худалдаж авахыг бид мэдэхгүй. Нөгөө талдаа хэр хэмжээнд бид зарж чадахыг мэдэхгүй. Засгийн газар худалдаа хийхгүй шүү дээ. Гэхдээ Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого бий. Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй.
Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ. Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай” гэлээ.