
Вашингтон ирэх хоёр сарын дотор Сириэс цэргүүдээ гаргахаар төлөвлөж буй талаараа Израилд мэдэгджээ.
Ynet мэдээллийн сайтад бичсэнээр Израилын тал Вашингтоныг Сириэс цэргүүдээ гаргах шийдвэрээ дахин авч хэлэлцэхийг хүссэн ч Вашингтон байр сууриа өөрчлөхгүй гэдгээ Тель Авивд тодорхой ойлгуулсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь нэг бус удаа Сириэс цэргүүдээ гаргана хэмээн мэдэгдэж, Пентагон Сиринс цэргүүдээ гаргах төлөвлөгөөг боловсруулахад багагүй хугацааг зарцуулжээ.
Тель Авив АНУ Сириэс цэргүүдээ гаргаснаар бүс нутаг дахь Туркийн нөлөөлөл улам нэмэгдэнэ хэмээн эмээж байгаа аж. Туркийн хувьд Башар Ассадын засгийн газар унаснаас хойш бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж, АНУ-ын цэргүүд Сириэс гарсан тохиолдолд Анкара Сирийн цэргийн чухал стратегийн объектуудыг хяналтдаа авна хэмээн Тель Авив үзэж байгаа юм.
NBC News суваг АНУ-ын Батлан хамгаалахын яам Сириэс АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүдийг гаргах төлөвлөгөөг боловсруулж байгаа тухай өнгөрсөн 2-р сард мэдээлж байсан юм. 2024 оны 12-р сарын байдлаар Сири улсын зүүн болон хойд хэсэгт АНУ-ын зэвсэгт хүчний 2000 орчим цэрэг алба хааж байгаа бөгөөд Сири дэх Америкийн цэргүүдийн гол даалгавар нь алан хядах Исламын улс бүлэглэлийн нөлөөг сулруулах, орон нутгийн түншүүд тэр дундаа “Сирийн Ардчилсан хүч” эвсэл зэрэгт дэмжлэг үзүүлэх явдал юм.