
2024 онд Европ тивийн гол мөрнүүдийн 30 хувь нь ноцтой хэмжээгээр үерлэж, 2013 оноос хойш үер усны гамшигт ихээр өртсөн жил болон өнгөрчээ.
Өнгөрсөн онд үерийн гамшигт Европын 410 мянга гаруй иргэд өртөж, багадаа 335 хүн амь үрэгдсэн талаар Европын холбооны Коперникийн ШУ-ны хөтөлбөрийн Цаг уурын өөрчлөлт судалгааны төв болон Дэлхийн Цаг уурын байгууллагаас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жилийн үер усны гамшиг Европ тивд 18 тэрбум еврогийн хохирол учруулсан. Түүнээс гадна 2024 он нь дэлхийн төдийгүй Европын хамгийн дулаан жилээр тодорчээ. Дэлхий өнөөдөр аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш цельсийн 1.3 хэмээр дулаараад байгаа ба үүнд голчлон хүний үйл ажиллагаа нөлөөлжээ.
2024 онд Европ тив даяар цаг агаарын ноцтой үзэгдлүүд бүртгэгдэж, зүүн өмнөд Европт хэт халалтын үзэгдэл 13 өдөр дараалан үргэлжилж рекорд тогтоосон бол Скандинавын мөсөн голууд урьд өмнө байгаагүйгээрээ хурдацтайгаар хайлжээ.
Баруун Европын орнууд үер усны гамшигтай тулгарч, зүүн Европын орнууд ган гачигт автсан юм. Испанийн Валенсия мужид өнгөрсөн 10-р сард болсон үерийн улмаас 232 хүн амь үрэгдэж, 9-р сард Европын дайран өнгөрсөн Борис хуй салхи Австри, Чех, ХБНГУ болон Словакт их хэмжээний хур тунадас дагуулсан билээ.
Эрдэмтэд цаг уурын өөрчлөлт тэр дундаа цаг агаарын дулааралт нь агаарт их хэмжээний ус хуримтлагдахад хүргэж, цаашлаад ус ихтэй хүчтэй аадар бороо орох шалтгаан болдог болохыг онцолсоор байгаа юм. 2024 оны хувьд агаар дахь усны уурын хэмжээ түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн жил болсон аж.
Үер усны гамшигт хүргэх өөр бусад шалтгаануудад үер усны гамшгаас сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаа явдал, хот төлөвлөлтийн асуудлууд багтах аж.