
БНСУ-д гарсан ой хээрийн түймэр 35 мянга гаруй га талбайг хамарчээ
БНСУ-ын зүүн өмнөд зүгийн бүс нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас багадаа 26 хүн амь үрэгджээ.
Гал сөнөөгчид иргэдийн амь нас, олон зуун жилийн настай түүхийн дурсгалт эд зүйлсийг хамгаалахын тулд цаг нартай уралдан, түймэртэй тэмцсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дэгдсэн ой хээрийн түймэр хэдийн 35 мянга гаруй га талбайг хамарч, Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймрээр нэрлэгджээ.
Түймрээс болж олон арван мянган иргэд орон гэрээ орхиход хүрсэн бөгөөд уг гамшгийн улмаас амиа алдагсдын дийлэнх нь 60-70 насны иргэд байна. БНСУ-ын эрх баригчид түймэр анх хүний үйл ажиллагаанаас болж гарсан гэдэгт итгэлтэй байгаа ба Өмнөд Солонгосын хуулиар ой хээрийн түймэр эхлүүлсэн этгээдэд 3 хүртэлх жилийн ял эсвэл 30 сая воны торгууль ноогдуулдаг аж.
БНСУ-ын засгийн газрын зүгээс иргэдийн гар утсанд ил гал түлэхгүй байх, хогоо шатаахгүй байхыг анхааруулсан мессеж өдөрт хэд хэдээр нь илгээхээс гадна айл өрхүүдээр явж хяналт тавьж, анхааруулга өгч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад цаг агаар цельсийн +20 хэмд хүрч дулаарснаар хуурайшилт явагдаж, ой хээрийн түймэр хурдацтай тархах таатай нөхцлийг бүрдүүлж өгснөөс гадна үүн дээр хүчтэй салхи нэмэгджээ.
Салхины хүч их байгаа тул ой хээрийн түймрийг унтраахад гол үүрэг гүйцэтгэдэг нисдэг тэрэгнүүдэд ажиллахад хүндрэлтэй байгаа ба өнгөрсөн мягмар гарагт нэг нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан билээ. Түймэр хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор БНСУ-ын зүүн өмнөд зүгийн бүс нутгуудад түүхэн дурсгалт эд зүйлс тэр дундаа буддын сүмүүд дэх уран зургууд, гар бичмэл зэргүүдийг галаас хамгаалах үүднээс нүүлгэж, хөдөлгөх боломжгүй баримал, бурхан зэргийг галд тэсвэртэй материалаар ороож тавьжээ.
Ыйсон хошуунд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар 5000 гаруй албан хаагчид ажиллаж байна.