
Европын холбоо иргэддээ онцгой байдалд бэлэн байж, 72 цагийн хоол хүнс нөөцлөхыг зөвлөжээ
Европын холбооны зөвлөлөөс өнгөрсөн лхагва гарагт гаргасан зөвлөмжиндөө европчууд сэтгэлгээгээ өөрчилж, ямар ч нөхцөл байдалд бэлэн байх, дасан зохицох соёлыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
18 хуудас бүхий тус зөвлөмжинд ОХУ-ын Украинд явуулж буй дайн, геополитикийн хурцадмал байдал, чухал дэд бүтцүүдийг хорлон сүйтгэх ажиллагаанууд, цахим халдлагууд зэргийг онцолж, эдгээр нь эрсдэл, тодорхой бус байдлыг дагуулж буй талаар бичсэн аж. Европын холбооны Бэлэн байдлын Стратегийн дагуу Европ тивийн иргэд онцгой байдлын үед бэлэн байх бодит арга хэмжээнүүдийг авсан байх нь зүйтэй хэмээн зөвлөж байна.
Үүнд хамгийн багадаа 3 өдрийн хоол хүнс, эм тариа зэрэг нэн шаардлагатай зүйлсийн нөөцийг бэлдэх шаардлагатай гэжээ. Уг стратегийг ХБНГУ болон Скандинавын улс орнуудын иргэддээ зэвсэгт хүчний довтолгоо болон бусад онц байдлын үед авах арга хэмжээнүүдээс санаа авч боловсруулжээ.
Европын холбооны Бэлэн байдал, хямралын үеийн менежментийг хариуцсан комиссар Хаджа Лабиб өөрийн нийгмийн сүлжээндээ онц байдлын үед иргэд нэн түрүүн юу юу бэлдсэн байхыг харуулсан видео бичлэгийг нийтэлжээ.
Түүнээс гадна Европын холбоо тус холбооны гишүүн орнууд даяар онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдлын аян зарлах, сургуулийн хөтөлбөрт оруулах, түүхий эд, хорогдох байр, цахилгаан үүсгүүрүүд, хоол хүнс, цэвэр усыг хангалттай нөөцлөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Шведийн эрх баригчид иргэддээ онцгой байдлын үед гэртээ цэвэр ус, илчлэг өндөртэй хоол хүнс, халаалт, зайгаар ажилладаг радио зэргийг бэлдэхийг зөвлөдөг бол Норвеги улс цөмийн зэвсгийн аюулын үед хэрэглэх иодын бэлдмэлийг гэртээ бэлэн байлгахыг зөвлөдөг аж.
ХБНГУ-ын хувьд иргэддээ гэрийнхээ зоорь, гараж, агуулахын өрөөг онцгой байдал, гамшгийн үед хорогдох байраар ашиглахад бэлэн байлгахыг зөвлөдөг бол Польш улсад шинээр байшин баригдсан байшин бүр орогнох байртай хорогдох байртай болж буй аж.