
Цагаан сарын шинийн хоёрны өглөө Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон “Их хааны өргөө”-ний нээлтийг хийж, уг өргөөний шүтээн эрдэнэ болох 7 метр өндөр, 14 тонн жинтэй Чингис хааны алтан хөшөөг бүтээн, залсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын бүтээл Их Эзэн Чингис хааны Алтан хөшөөний багасгасан нэгэн эхийг Төрийн ордонд залжээ.
Тус алтан хөшөөнөө,
Их Эзэн Чингис хаан идэр залуу насандаа Мөнх тэнгэрийн хүчин дор хааны суудалдаа заларч, монгол төрийн бэлгэдэл хасбуу тамгаа барьж, Их Монгол Улс байгуулснаа тунхаглан зарлаж байгаа түүхэн мөчийг мөнхлөн дүрсэлсэн юм.
Хаадын хаан Их Эзэн Чингисийн хамаатай зүйлийг “алтан” хэмээн тодотгож, “алтан амь”, “алтан био”, “алтан жолоо”, “алтан босго”-той зүйрлэн хүндэтгэдэг монгол уламжлалын дагуу Их хааны хөшөөг алтаар бүтээж, хаан сэнтийд “Бурхан Халдун” уулын оройг угалзлан дүрсэлж, анхны төрт улс Хүннүгийн шаньюйн үеэс их шүтээн болж ирсэн наран саран хийгээд Чингис хааны онгин тамгыг урлаж, бадамлан асаж буй галаар их хааны үүтгэн бадраасан аугаа үйл хэргийг бэлгэджээ.
Хөшөөний суурийн хэсэг нь эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн гурван давхаргаас бүрдэх бөгөөд дайснаа ялан дийлсний бэлгэдэл барсын арьс, төрт ёс бат оршихын бэлгэдэл, хүндэтгэлийн их цагаан эсгий дэвсэн бүтээжээ.
Баримлын хувийг алт, хүрэл, каррара гантиг чулуугаар Бүгд Найрамдах Итали Улсын Флоренци хотын “АртУ Ди Гаетано Салмиста” хүрлийн үйлдвэрт цутгасан байна.
Алтан хөшөөний багасгасан эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх төрийн ордонд дурсгал болгон, хадгалуулсан байна.