
ХБНГУ-ын парламентын доод танхим болон Бундестагийн нийт гишүүдийн 2/3-оос илүү хувь нь улсынхаа үндсэнд хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Ингэснээр Герман улс зэвсэгт хүчин болон дэд бүтцийн салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм.
Бундестагийн энэхүү шийдвэр нь цаашид Европын батлан хамгаалах салбарт болон Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжинд чухал нөлөө үзүүлэх түүхэн шийдвэр гэгдэж байна. ХБНГУ-ын канцлераар томилогдохоор яригдаж буй Фридрих Мерц үндсэн хуулийн өөрчлөлт нь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг ХБНГУ-ын байр суурийг бэхжүүлж өгнө гэдгийг онцолжээ. Германы үндсэн хуульд өөрчлөлт оруулсанаар зэвсэгт хүчний зардалд тавигдах хязгаарлалт үгүй болж, дэд бүтцийн салбарт зориулан 500 тэрбум евро бүхий сан байгуулах юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг 513 гишүүн дэмжиж, 207 нь эсэргүүцсэн байна.
Бундестагийн уг шийдвэр нь Германы 16 мужийг төлөөлдөг парламентын дээд танхим болох Бундесратад дэмжигдсэнээр батлагдах юм. Эрх баригч Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо намынхан Бундесрат үндсэн хуулийн өөрчлөлтийг батална гэдэгт итгэлтэй байгаа аж. Өнгөрсөн онд Берлин батлан хамгаалахын төсвөө өмнөх жилийнхээсээ 23.2 хувиар нэмэгдүүлсэнээр Европын батлан хамгаалахын зардал 11.7 хувиар өсөж, рекорд тогтоосон билээ.