
Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай дахь зөрчлийг арилгах ажлыг үргэлжлүүлсээр байна. НЗДТГ-аас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэх зорилгоор есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах хоёр сарын аянг эхлүүлсэн.
Энэ хүрээнд Баянгол дүүрэгт мэргэжлийн 10 гаруй байгууллагын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Таван шарын уулзвараас баруун 4 зам” хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ. Өнгөрсөн онд энэ төрлийн зөрчлийг арилгуулж, нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг шилжүүлсэн байна. Гэвч дулааны улирал ирж буйтай холбоотой нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчлийг шат дараатай арилгах талаар албаны хүн мэдээлэл өглөө.