
Номхон далайд төөрсөн Перу улсын иргэн, 61 настай загасчин Максимо Напа Кастро гэх эр 95 хоногийн дараа аврагджээ. Тэрээр өнгөрсөн 12-р сарын 7-нд завьтайгаа Перугийн өмнөд зүгийн Маркона хотоос далайд гарсан ч цаг агаарын нөхцөл байдлаас муудсанаас болж замаасаа гаран төөрчээ. Түүнийг энэ сарын 11-нд Эквадорын загас агнуурын онгоц олж, аварсан аж. Аврагдсаныхаа дараа Максимо Напа Кастро борооны ус ууж, хорхой шавьж, шувуу, яст мэлхий зэргээр хооллож байсан талаараа мөн сүүлийн 15 хоног юу ч идээгүй тухайгаа ярьжээ. Загасчид түүнийг аврах үед Напа Кастро шингэний хурц дутагдалд орж, биеийн байдал нь маш хүнд байсан аж.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа Напа Кастро ээж болон ой хүрээгүй зээ охиныхоо төлөө амьд гарах ёстой хэмээн өдөр болгон өөртөө хэлж байсан тухайгаа дурджээ. Напа Кастрогийн гэр бүл, ойр дотныхон түүнийг эрэн хайх ажлыг гурван сар тасралтгүй явуулсан ба түүний охин аавыг нь аварсан Эквадорын загас агнуурын хөлөг онгоцны багийнханд тусгайлан талархаж буйгаа илэрхийлжээ. Напа Кастро Перу-Эквадорын хилийн ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн бямба гарагт эмнэлгээс гарчээ.