
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа дэлхийн 43 орны иргэдэд виз олгох журмаа чангатгахаар төлөвлөсөн талаар The New York Times сонин онцолжээ.
Тус сонинд бичсэнээр АНУ-ын засаг захиргаа дээрх 43 орныг “улаан”, “улбар шар”, “шар” гэсэн 3 төрөлд хуваажээ.
“Улаан” төрөлд Афганистан, Бутан, Куба, Иран, Ливи, Хойд Солонгос, Сомали, Судан, Сири, Венесуэл, Йемен зэрэг 11 улс багтсан ба тус улсын иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглох аж.
“Улбар шар” төрөлд багтсан 10 орны иргэдэд виз олгох журмыг чангатгах ба АНУ руу нэвтрэх визийг зөвхөн чинээлэг, санхүүгийн баталгаатай иргэдэд олгох аж. Тус төрөлд ОХУ, Беларусь, Эритрей, Гаити, Лаос, Мьянмар, Пакистан, Сьерра-Леон, Өмнөд Судан болон Туркменистан зэрэг орнууд багтсан байна.
Харин “шар” ангилалд дэлхийн 22 улс багтжээ. Вашингтоны зүгээс эдгээр улсад тодорхой шаардлагуудыг тавиад байгаа ба тэдгээр шаардлагуудыг биелүүлэхгүй тохиолдолд улс нь “улаан” болон “улбар шар” ангилал руу буурах аж.
The New York Times сонинд бичсэнээр Цагаан ордон уг шийдвэрээ албан ёсоор ирэх 7 хоногт танилцуулж магадгүй ба дээр өгөгдсөн жагсаалт өөрчлөгдөж ч болзошгүй аж.
Түүнчлэн визийн дээрх журам нь визээ авчихсан иргэдэд үйлчлэх эсэх, визийг нь цуцлах эсэх зэрэг нь мөн АНУ-д байнгын оршин суух ногоон картаа авсан дээрх улс орнуудын иргэдэд дээрх журам үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалын эсрэг өргөн хэмжээний кампанит ажил явуулж байгаа ба үүнтэй холбоотойгоор АНУ-Мексикийн хил дээр онц байдал тогтоож, дүрвэгсдийг хүлээн авах ажлыг зогсоож, АНУ-д төрсөн гадаадын иргэдийн хүүхдүүдэд автоматаар АНУ-ын иргэншил олгох явдлыг зогсоох тогтоол хүртэл гаргасан билээ.
1 жилд 35000-65000 америк долларын цалинтай жирийн Америкт амьдардаг иргэд Америкт амьдарч ажиллаж хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулахад хүнд болно.,