
УИХ-ын хаврын ээлжит чуулган даваа гараг буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эхэлнэ. Энэ хавар парламентын хувьд “шандас шалгасан” чуулган болох төлөвтэй. Учир нь шинэхэн бүрэлдсэн парламент намрын чуулганаар үйл ажиллагааны хөтөлбөр, эрх зүйн ямар шинэчлэлүүд хийж, түүнийгээ ХҮН төвтэй бодлогын шинэчлэл рүүгээ чиглүүлэх, 50 гаруй чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийхээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн гээд зай завсаргүй хуралдаантай, хэлэлцүүлэгтэй байхаар харагдаж байна.
Түүнчлэн хаврын чуулганаар улс төрч халуухан байх төлөвтэй. Учир нь чуулгандаа нэг ч ирж суугаагүй гишүүд, цаашлаад Улсын дээд шүүхийн тогтоолоо гардаж авсан гээд ёс зүй, сахилга хариуцлага тооцохыг олон нийт парламентаас шаардах болно. Магадгүй нөхөн сонгуулийн ч асуудал яригдах төлөвтэй.
Түүнчлэн эдийн засгийн хүнд үеийг даван туулж, мөнгөний хатуу бодлогыг сөрсөн улс төрийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгараад буй. Засгийн газрын зүгээс ч томоохон төслүүдээ явуулахын тулд парламентыг ч шахах нь мэдээж.
Намрын чуулган завсарлахаас өмнө даваа гарагт эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээ тогтон, УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолд,
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
2/”Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/”Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/”Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/”Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэг батлахаар тусгажээ.
Гэхдээ эдгээр хуулиас илүүтэй Засгийн газраас өргөн мэдүүлсэн болон өргөн мэдүүлэхээр төлөвлөгдсөн, боловсхуулагдаж буй хуулийн төслүүд олны анхаарлыг ихээр татаж байна.
Тухайлбал, өчигдөрхөн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой БНХАУ-тай байгуулах хэлэлцээрийг соёрхон батлахаар УИХ-ын өргөн мэдүүлэх шийдвэр гарсан тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн. Энэ хэлэлцээрийг монголын парламент соёрхон баталчихвал хятадын тал ч Ардын төлөөлөгчдийн их хурлаараа шуурхай батална гэдгээ илэрхийлсэн тул парламентаар хэлэлцэх төслүүдийн эхэнд эрэмбэлэгдэх нь тодорхой.
Түүнчлэн Учралын хууль буюу цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах хууль УИХ-д өргөн баригдаагүй хэрнээ нийгмийг талцуулаад эхэлсэн. Учралын тодотголтой бас нэг хууль байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Төрийн өмчит компаниудыг уг хуулиар цэгцлэх хүлээлт буй.
Сангийн сайд татварын реформ хийж, татварын багц хуулийг шинэчлэхээ мэдэгдсэн бөгөөд Сангийн яамны вэбсайтаар дамжуулан олон нийтээс санал аваад боловсруулах шатандаа яваа.
Харин хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хөрөнгө хураах тухай хуулийн төсөл ч олон нийтийн дунд халуун сэдэв болсоор байгаа хэдий ч парламентын танхимд хэлэлцүүлэгдэхгүй буцаагдах эрсдэлтэй нүүр тулж мэдэхээр буй.
Энэ мэт хуулиуд хаврын чуулганаар батлагдах өндөр хүлээлттэй байгаагийн зэрэгцээ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль гэх мэт Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр байгаа юм. Иймд парламентын гишүүдээс өндөр хариуцлага, хүний эрхийн мэдрэмж шаардсан чуулган болох бол олон нийт төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг нүд цавчихгүй харж, шийдвэрийг хянах цаг хугацаатай тулгарч байна.