
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үнэ, инфляцын талаар “Banking and finance academy”-ийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарамтай ярилцлаа.
Монголбанк бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмэгдүүлж, нийгэмд манай улсын эдийн засаг ойрын хэдэн сардаа хүнд байх дохиог өглөө. Үүний зэрэгцээ хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50% болгож, тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэр гаргасан. Иргэд, ААН-үүдэд энэ шийдвэр хэрхэн тусах вэ?
– 2024 онд Монгол Улсын эдийн засаг олон улсын байгууллагууд болон дотоодын судалгааны байгууллагуудын төсөөлснөөс харьцангуй доогуур гарсан. Түүнчлэн 2025 он гарсны дараа БНХАУ-ын манайхаас авч байгаа нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурах төлөв ажиглагдаж байна.
Томоохон улс, гүрнүүдийн хоорондох худалдааны дайн нэлээн даамжрах шинж тэмдэгтэй болоод эхэлж байна. Ялангуяа Хятад болон Америкийн хоорондох худалдааны дайн нэлээн хурцадмал байдал руу шилжиж байгаа нь нөлөөлж байна. Хамгийн чухал нь 2025 оны төсвөө батлахдаа өмнөх жилтэйгээ харьцуулаад эдийн засаг 16% орчим өсөхөөр төсөөлж баталсан.
Нөгөө талаас орлогоо хэт их өндөр байна гэж төсөөлөөд зардлаа баталчихсан. Энэ нөхцөл байдлуудыг хараад үзэхээр оны эхний 2 сарын байдлыг аваад үзэхээр манай эдийн засагт бол 2 төрлийн үзэгдэл харагдах нь ээ гэсэн хүлээлт байна.
Нэгд, 2025 онд эдийн засаг бол ерөнхийдөө тодорхой бус байдал дунд өрнөх юм байна. Хоёрт, 2025 оны нэг сарын инфляц 9,6% буюу нам доор байж байгаад буцаад өсөх хандлага ажиглагдаж байна.
Инфляц өсөхөд юу нөлөөлж байна вэ?
– Нэг талаас 2025 оны төсвийн зарлагыг хэт их өсгөсөнтэй холбоотойгоор эрэлтийн талын инфляцууд нэлээн их нэмэгдэж байна. Дээр нь орон сууцын үнэ болон цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн зэрэг нь нөлөөлж байна. Цаашид ч инфляц өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Инфляцыг нам дор барихын тулд Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөхөөс өөр арга байхгүй болчихож байгаа юм. Бодлогын хүүг өсгөснөөр зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлтийг багасгаж байна гэсэн үг. Зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлтийг яагаад багасгах шаардлага гарсан бэ гэхээр хүмүүс 2022 оноос эхлээд нийт зээлийн хэмжээ нэмэгдэж, жил тутамд 25-30%-ийн өсөлттэй явж ирсэн.
2025 оны эхний улиралд цалин, тэтгэврийн өсөлттэй холбоотойгоор банкны хэрэглээний зээлүүд 35%-аар өссөн. Энэ өсөлт цааш үргэлжилбэл дотоод эрэлтээс үүдэлтэй инфляцын түвшин нэмэгдэх, импортын бараа бүтээгдэхүүний эрэлт өсөх, үүнийг дагаад валютын ханш дээр дарамт учруулж байна.
Гэвч нөгөө талдаа экспортоос олох орлого төсөөлөл, хүлээлтээс доогуур байна. Иймд мөнгөний бодлогоор дамжуулан хязгаарлахаас өөр аргагүй. Иргэдийн өнцгөөс харах юм бол бодлогын хүүг нэмэгдүүлэхээр арилжааны банкууд иргэд, ААН-д олгох зээлийн хэмжээг багасгаж байна гэсэн үг.
– Байлгүй яах вэ. Бодлогын хүү юугаар дамжиж эдийн засагт нөлөөлдөг вэ гэхээрхэд хэдэн арга хэрэгслүүд бий. Нэгдүгээрт бодлогын хүү өсөхөд дагаад зээлийн хүү өснө.
Бодлогын хүү өсөх нь нөгөө талдаа банкуудын эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлж байна. Эх үүсвэрийн зардал гэдэг нь хадгаламжийн хүүг нэмэгдүүлж байдаг.
2024 онд банкуудын дундаж хадгаламжийн хүү 11,6%-тай байлаа. Энэ нэмэгдэнэ гэсэн үг. Хадгаламжийн хүүг нэмэхээр банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлтэд оруулж зээл гаргаж байгаа тул хадгаламжийн эх үүсвэрийн зардал нэмэгдэхээр дагаад банкны зээлийн хүү ч нэмэгдэхээс өөр арга байхгүй.
– Банкууд эдийн засгийн нөхцөл байдлыг харна. Бодлогын шийдвэртэй холбоотойгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг болохоор 50% байлгахаар шийдвэрлэсэн. Ингэхээр зээлдэгчийн нийт орлогынх нь 50% дээр л зээл олгоно гэсэн үг.
Ингэснээр банкуудын зээл олголтыг нэлээн хумиж байна. Банкууд эрсдэлийнхээ тодорхой тооцооллуудыг хийсний үндсэн дээр зээлийнхээ хүүг аажмаар өсгөөд явах болов уу гэсэн хүлээлт байдаг. Гэхдээ шууд автоматаар хүүгээ өндөр тогтоохгүй. Зээлийн эх үүсвэртэй холбоотой бүх зардлын тооцооллоо хийсний дараах хэмжээгээр аажмаар хүүгээ нэмэгдүүлдэг.
Эдийн засагт халалт үүсэж, зах зээлд бэлэн мөнгө их байж, импорт өссөн шалтгаануудын эсрэг авч байгаа Төв банкны арга хэмжээний үр нөлөө 1-3 сар орчим, цаашлаад 6 сарын дараа гарах боломжтой. Тиймээс бид эдийн засаг богино хугацаанд аятайхан болно гэх хүлээлт 3-6 сарын дараа л харагдана.
Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард 2025 оны төсөв баталж байх үед эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг буюу 7-8% гээд төсөөлчихсөн. Бодит байдал дээр Монгол Улсын эдийн засаг 2025 онд 4-5% өсөхөөр байсан. Тийм болохоор төсвийн бодлого хэт их тэлчихсэн учраас Төв банк мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлэх боломжийг нь хумьчихаж байгаа юм.
Эдийн засаг төсөөллөөс доогуур өсөлт үзүүллээ. Төсвийн хэт их тэлэлт мөнгөний бодлого чангарахад нөлөөллөө. Энэ бүхний горыг иргэд, ААН-үүд, нийгмээрээ үүрэх болж байна. Бид яах ёстой вэ?
– Засгийн газраас экспортоо дэмжих бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгэжүүлэх, эдийн засгийн өсөлт, төсвийн зарлагаа багасган, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Харин иргэд, ААН-үүдийн хувьд санхүүгийн сахилга баттай байж, үрэлгэн зардлаа багасгах, томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаа хойшлуулах зэрэг арга хэмжээ л авах үлдэж байна.
Бизнесийнхээ үйл ажиллагааг тэлэх гэж байгаа хүмүүсийн хувьд хүнд болчихлоо шүү дээ. Дээрээс нь маш их хэмжээний татвар, төлбөр, хураамж төлж байгаа нь улам л хүнд тусч байна.
Төсвөө батлахдаа Сангийн яам, Засгийн газар эдийн засгийн өсөлт, орлогын төсөөллөө бодитоор тооцоогүйгээс горыг нь монголчууд л амсаж байна шүү дээ. 2025 оны төсөвтөө тодотгол оруулах ёстой юу?
– Сангийн сайд төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй гэж хэллээ. Энэ бол оны эхний 2 сарын байдлаа харж байгаад хэлсэн дүгнэлт байх. Цаашид биднээс үл шалтгаалах олон улсын харилцаа, худалдаа, үнэ тарифтай холбоотой ямар өөрчлөлтүүд орж ирэхийг тааварлашгүй. Үнэ, борлуулалт нь багассан нүүрсний экспортоо зэс, алтаараа оруулна, нэмэгдүүлнэ гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний үр дүн эерэг гарахыг хүлээх л үлдэж байна.
Одоогийн байдлаар төсөв дээр 2 эрсдэл байна гэж харж байгаа. Нэгд, орлого бүрдэхгүй байх вий. Нүүрсний үнийг нэг тонн тутамд 110 орчим ам.долларт, 84 орчим сая тонн нүүрс гаргана гээд төсөөлчихсөн. Гэтэл хил дээр байгаа үнэ тонн тутамд 80 орчим ам.доллар байна. 30 орчим ам.доллароор ингээд буурчихсан, ойролцоогоор 25-26%-аар үнэ нь уначихсан байгаа юм.
Энэ үнээр хэд 84 сая тонн нүүрс экспортлоод ч төсвийн төсөөлсөн орлого бүрдэхгүй байх эрсдэл. Хоёрт, орлогын бууралтаа хэрхэн нөхөх боломж байна вэ. Ойрын хугацаандаа нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, уран, газрын ховор элемент зэрэг зах зээлд эрэлттэй түүхий эдээ экспортод оруулах шаардлагатай. Ингээд ч орлого бүрдэхгүй, тасалдах эрсдэл үүсвэл Засгийн газар бонд гаргах замаар явах л нөхцөл бий. Иймд төсвийн орлогоо нэмэх, зарлагаа хумих зайлшгүй шаардлага үүссэн.
Ярилцсанд баярлалаа.