
Дундговь аймгийн уугуул иргэдийн нэгдсэн золголт өчигдөр /2025.03.11/ Монгол бөхийн өргөөнд болсон юм. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нээлттэй ажлын байруудыг танилцуулж, Дундговь аймгаа хөгжүүлэх их үйлсэд ирж гар бие оролцохыг урьж байлаа. Бид түүнтэй цөөн хором ярилцсанаа танд хүргэж байна.
-Дундговь аймгийн Засаг даргаар томилогдож очсоноосоо хойш ер нь ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид ер нь бас ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлье гэж төлөвлөж байна вэ?
-Соёлтой, хөгжилтэй газар руу л хүн тэмүүлнэ. Бид аймаг орон нутгаа хөгжүүлж байж хүнээ татах юм байна. Тиймээс бид эхлээд орон сууцжуулна. Үүний дараа энэ жилдээ багтаагаад гэрэлтүүлэг, камержуулна.
Орон сууцын барилга барих гэхээр дулаан байхгүй гээд болдоггүй юм байна. Тиймээс бид дулааны зуухнуудаа бүрэн шинэчилж буй. Дээр нь одоо дулааны станц баригдаж байгаа. 2025 ондоо барьж дуусгуулахаар төлөвлөж байна. Мөн бид хог боловсруулаад дулаан гаргах станцыг Монголдоо анх удаагаа байгуулахаар ажиллаж байна. Саяхан ТЭЗҮ-ийг нь хийлгэсэн. Тендерээ зарлачихсан байгаа. Хог боловсруулж, дулаан гаргах станцаасаа нийтдээ 9 мвт-ын дулаан гаргах юм. Түүгээрээ тодорхой үйлдвэрийн бүсүүдээ дулаанаар нь хангаад явах боломжтой. Ийм ажлуудыг энэ жилдээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-Өнөөдөр зүгээр нэг нутаг усныхнаараа уулзаж, золгож буй биш орон нутаг ажиллах хүмүүст урилга хүргүүлж байна гэж ойлголоо…
-Юуг нь нуух вэ. Манай аймаг хөгжлийнхөө индексээр 21 аймгаас 21-т яваа. Бид аймгаа эхний 10-т оруулж, үсрэнгүй хөгжүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Жилээс жилд хүн амын тоо цөөрсөөр, одоо 46 мянга хүн Дундговь аймагт ажиллаж, амьдарч байна. Тиймээс бид аймаг орон нутагтаа боловсон хүчин татъя гэж өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж буй. Дундговио гэсэн сэтгэлтэй Улаанбаатарт ажиллаж, амьдарч буй хүмүүсийг нутагтаа ирж ажиллаач ээ гэж урьж байна. “Манай аймаг хөгжил муутай, хөшөө ихтэй” гээд холоос яриад суух биш өөрсдөө ирж, аймгийнхаа хөгжилд гар бие оролцохыг уриалж байна. Дундговьчууд маань ирж ажиллаж, амьдарна гэдэгт итгэлтэй байна аа, би.
-Ямар, ямар салбарт ажлын байр их байна вэ?
–Манай аймгийн хэмжээнд:
- Боловсролын салбарт 39
- Эрүүл мэндийн салбарт 83
- Хөдөө аж ахуйн салбарт 24
- Соёл урлагийн салбарт 30
- Төрийн захиргааны байгууллагад 129
- Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 20
- ААН байгууллагуудад 63 гээд нийт 255 гаруй ажлын байр сул байна.
Цалин хөлсний тухайд гэвэл жишээ татаад ярихад манай аймгийн агентлагийн дарга нар ЗГ-ын агентлагийн даргаас даруй хоёр дахин илүү цалин авч байна. Улаанбаатарт ажиллаж байгаа хэлтсийн даргаас аймагт ажиллаж байгаа хэлтсийн дарга мөн л хоёр дахин илүү цалин авч байна. Улаанбаатарт ажиллаж байгаа багшаас аймагт ажиллаж буй багш 60-70%-ийн илүү цалин авч байна.
Бид энэ жилдээ ямар ч байсан аймгийн тамгын газар болон аймгийн иргэдийн хурлын албан хаагчдын цалингийн нэмэгдлийг 100% болгосон. Тэгэхээр Улаанбаатарт авч байгаа цалингаас хоёр дахин өндөр цалин авч буй гэсэн үг.
-Очиж ажиллая, амьдаръя гээд олон, олон залуус цүнхээ үүрээд очвол орон сууцын дэмжлэг үзүүлэх юм уу?
-Би Улаанбаатарт 40 хэдэн жил амьдарч байгаад Дундговьд очсон. Амьдрах орчин талаас нь ярих юм бол түгжрэл алга, утаа ч алга, стресс ч алга. Хамгийн гол асуудал байр л байна.
-Дундговьд нэг өрөө түрээсийн байр хэд гэдэг вэ?
-Ер нь түрээсийн үнэ Улаанбаатартай харьцуулахад харьцангуй гайгүй шүү. Нэг өрөө байрны түрээс 700 орчим мянган төгрөг гэж байсан. Гэхдээ хамгийн гол нь олдоц муу. Сум болон Аймгийн тамгын газарт орон сууц байдаг. Тэрийгээ түрээслүүлдэг юм билээ. Одоо бид тэдгээр байрыг түрээслүүлэхгүй, ажиллахаар ирж буй хүмүүсийг үнэ төлбөргүй суулгая гэж бодож байгаа. Манай аймагт ажиллахаар ирж буй улс эхний 3 жилдээ үнэ төлбөргүй амьдрах боломжтой.
Мөн бид сумдын төрийн албан хаагчдыг орон сууцтай болгоё гээд явж байгаа.
-Танай аймагт очоод бизнес эрхлэе гэсэн ААН-үүдийг дэмжих үү?
-Манай аймгийн үйлчилгээг муу гэж хүмүүс яриад байгаа юм. Тиймээс бид үйлчилгээгээ сайжруулна. Хувийн хэвшлийн үйлчилгээний салбарын ажилтнуудаа бид чадавхжуулах сургалтад хамруулна. Үүний төлбөрийг аймгаас гаргана. Үйлчилгээ сайжирвал орлого нь нэмэгдэнэ. Орлого нэмэгдвэл манай аймгийн төсөв сайжирна шүү дээ. Тэгэхээр бид ААН-үүдээ бол дэмжинэ. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийг ч гэсэн элдэв зөвшөөрлөөр дарахгүй, аль болох дэмжээд явна.
-Ярилцсанд баярлалаа.