
Энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Б.Мөнххишигийг урьж оролцууллаа. Тэрбээр гурван настайгаасаа хөгжлийн бэрхшээлтэй болж суга таяг, тэргэнцэр ашиглан явдаг болсон ч гурван их, дээд сургуулийг амжилттай төгсөж мөн алдарт эх болжээ. Зөвхөн өөрийн амьдралаа босгоод зогсохгүй олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн замыг засч нийгэмд эзлэх байр суурийг өөрчлөхөөд бүхий л шатанд оройлон ажиллаж буй нэгэн юм.
БИ ҮНЭХЭЭР АЗТАЙ ХҮН
Намайг Балдорж овогтой Мөнххишиг гэдэг. Гурван настайгаасаа хөгжлийн бэрхшээлтэй болоод суга таяг дээр явдаг болсон. Намайг бага байхад амьдрах орчин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүр л хүртээмжгүй байлаа шүү дээ. Наанадаж тэргэнцэр тэр бүү хэл суга таяг ч олдоггүй байв. Авга ах маань модоор юм хийдэг мужаан хүн байсан тулдаа надад суга таяг хийж өгдөг би түүнийг нь хальтирч унаж хугалаад ахиж хийж өгтөл нь явж чадахгүй болдог ийм л үе байлаа. Гэхдээ тэр үед тэргэнцэр байгаад би зөвхөн тэргэнцэр дээр л явдаг байсан бол их сургуулиуддаа сурацаж чадахгүй байсан болов уу гэж боддог юм. Манай зарим их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцах талаар огт тооцоолоогүй орчин нөхцөлтэй байдаг. Би одоо ИЗИС-д эрх зүйчээр суралцаж байгаа. Маш олон шаттай. Хэрвээ би тэргэнцэр дээр явдаг байсан бол надад заавал нэг асран хамгаалагч хэрэгтэй болно. Эсвэл би бууж өгөх байх. Угтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнд хүртээмжтэй орчин нь л байвал бэрхшээлтэй гэдгээ ингэж их мэдрэлгүй суралцаж, хөгжиж чадна шүү дээ. Хүртээмжгүй орчноос болж хүсэл мөрөөдлөө орхисон олон хүн бий. Би харин азтэй хүн л дээ. Ээж аав минь миний төлөө миний хийхийг хүсэж буй зүйлийн төлөө бүхнээ зориулсан хүмүүс. Анх сургуульд оруулахдаа эрүүл хүүхдүүдийн сургуульд оруулсан. Тэнд би гадуурхал, дээрэлхэлт алийг нь ч мэдрэлгүй суралцсан. Харин оюутан болоод ХААИС-д ороход оюутан ангийнхан маань намайг өглөө оюутны байрнаас ирж авч, орой хүргэж өгч өгсүүр газар үүрч дүүрсээр сургуулийг минь төгсгөсөн. Тэгэхээр би нэг талдаа маш азтай хүн шиг санагддаг юм. Сайн аав ээж, найз нөхдийн буянд хүссэнээрээ суралцаж, хөгжиж чадсан.
БИ ИХ ОЛОН ХҮҮХЭДТЭЙДЭЭ ОРНО ШҮҮ
Би дөрвөн хүүхэдтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дунд энэ бол маш их тоо шүү /инээв/. Би ээж болох болов уу, төрж чадах болов уу гэсэн айдас бага байхаас л надад байдаг байсан. Бусад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд ч ийм айдас багаас нь тархинд үүсдэг болов уу. Гэтэл би тэр айдсаа давж дөрвийн дөрвөн хүүхдийг эрүүл саруул төрүүлж өсгөж хүмүүжүүлж байна. Бага гурав маань ойрхон төрсөн. Эмнэлэгт хэвтээд асарч чадахгүй учир хүүхдүүдийнхээ дархлааг л маш сайн дэмжье гэж хичээсэн. Хүүхдүүдээ байнга агаарт гаргана. Нөхөр ажилдаа явчихдаг учир би ганцаараа тэврээд явж чадахгүй. Нэг нэг тэргэн дээр тавьж байгаад л машин руугаа дөхүүлээд “чулуудчихдаг”. Хүүхдүүд маань маш хатуу гараар хүмүүжсэн. Нэг ой хүрэнгүүт нь цэцэрлэгт өгөөд явчихдаг “ширүүн ээж”. Бид нарт маш олон сул талууд байна шүү дээ. Хүүхдээ өөрөө тэврээд, өсгөөд бойжуулаад явах боломж хомс ч энэ бүгдийгээ даваад хүүхдүүдээ өсгөсний дараа маш сайхан аз жаргал, биеэ даасан хүүхдүүдийг нийгэмд бэлдэж гаргаж байгаа юм болов уу гэж хардаг.