
Дэлхийн хүн төрөлхтний баяр баясгалан, бахархал омогшил, сэтгэл хөдлөл, догдлол, харуусал, ялагдал, хожигдол, уйтгар гунигийг нэгэн дор гаргахыг шаарддаг салбар бол “Спорт” юм.
Спорт, урлаг үгүй бол энэ дэлхийн хүн төрөлхтөн өнгө будаг, тод гэрэлтэх зүйлгүй ямархан уйтгартай байхсан бол? хэмээн хааяахан бодогдож явдгаа нуух юун.
Өөрийн гэсэн үнэ цэнтэй бүхнээ зөвхөн спортод л зориулан амьдарч, хөдөлмөрлөж яваа тамирчдын суу алдрыг магтан дуулъя.
Тангараг өргөөгүй ч эх орноо дуудсан цагт нь хүү нь, охин нь хэзээд бэлэн байдаг “Спортынхон” үнэхээр бахархам улсууд. Тэд бол зүрх сэтгэлдээ тангараг өргөсөн спортын салбарын “Цэргүүд” юмаа.
Энэ удаад Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч Томми буюу Баттүвшингийн Билгүүний спортод өнгөрүүлсэн он жилүүдийн түүхийг онцлоё.
Б.Билгүүн сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн будагтай талбайд өнгөрүүлсэн түүний 19 жил. Мөн улсын шигшээ багийнхаа нэгэн эд эс болоод хэдийнээ 14 жилийг ардаа үджээ.

“Өрөг”.Мн сайтын томилолтын баг Гуамыг зорин сагсан бөмбөгийн Азийн АШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдсөн “С” хэсгийн зочлон тоглолтын эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг сурвалжлан ажиллаад ирлээ. Энэ үеэр Гуамын эсрэг тоглох тоглолтын өмнөхөн шигшээ багийн капитан Томми буюу Б.Билгүүнтэй цөөн хором ярилцсанаа толилуулъя.


Б.Билгүүн: Гуамын шигшээ багтай анх 2013 онд тоглож үзэж байв


-Сайн байна уу? Юуны өмнө чухал тоглолтонд нь амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Гуамд анх удаа ирж байна. Гуамын талаар анх урьдчилсан шатны тоглолтууд эхэлснээс хойш ер нь мэддэг байсан.
Миний хувьд өмнө нь анх Гуамтай 2013 онд тоглож үзэж байлаа. Тэрэн дээр бас Монголын шигшээ баг 6, 7 оноогоор хожиж байсан. Тэгээд түүнээс хойш 2023 оноос эхлээд хоёр тоглохдоо манайх эхнийх дээр нь хагас бөмбөгөөр, сүүлийнх дээр нь 11 онооны зөрүүтэй хожигдож байсан. Одоо тэр маань бид нарын хожиход 11-ээс дээш оноогоор хожих гол шалтгаан маань болсон байгаа.
-Гуамын шигшээ багийн бүрэлдэхүүн ялимгүй өөрчлөгдсөн харагдсан?
-Гуамын үндсэн бүрэлдэхүүн бараг 85-90 хувь нь хэвээрээ байналээ. Урд талын холбогчийн байрлал дээр 1, 2 тоглогч нар өөрчлөгдсөн байна.
Бусдаар бол бид нартай өмнө нь тоглосон тоглогч нар байна гэж харлаа. Манай багийн хувьд бол яахав энэ удаагийнх дээр Гуамын багаас илүү, манай багийн ростерүүд солигдсон. Төвийн байрлал дээр илүү хүчтэй болсон ч гэдэг юмуу. Ийм давуу талууд байгаа.
Бид нарын хувьд мэдээж өмнөх тэмцээнүүдийг бодвол бэлтгэл хийх нь арай олон 14-15 хоногийн бэлтгэл хийх хугацаа гарсан. Тийм учраас бид нар энэ удаагийнх дээр арай өөр байна гэж харж байгаа.


-Таны хувьд цаашид шигшээ багийн хүрээнд ямар төлөвлөгөө байна вэ?
-Миний хувьд 2006 оноос лигт тоглож эхэлсэн. Энэ удаагийн тэмцээн маань шигшээ багийн хүрээнд бараг миний хамгийн сүүлийн тэмцээн байх гэж бодож байгаа.
Б.Билгүүн 2006 оноос эхлэн дээд лигийн талбайд тоглож эхэлжээ


-Оны өмнө Япон, Хятадын шигшээгийн эсрэг хийсэн тоглолтыг дүгнээд хэлбэл?
-Өмнөх Япон, Хятадтай 11 сард хийсэн тоглолтон дээр би хувийн өөрийн сахилга бат муутайгаас болж, бэлтгэлжилт алдсан гэдэг юмуу, тоглолтын үр дүнд сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээний үр дүн гаргасан. Энэ алдаагаа засаад, энэ удаагийн тэмцээн дээр өөрт байгаа хамгийн сайнаар, бүхнээ дайчлаад тоглоно гэж бодож байгаа.
Б.Билгүүн шигшээ багтаа 14 жил, дээд лигт тоглоод 19 жил болжээ


-Таны хувьд шигшээ багтаа 14 жил, лигийн талбайд тоглоод 19 жил болжээ. Энэ спортоос мэдэрдэг хамгийн гайхалтай дурсамжаа хуваалцана уу?
-Миний амьдралын хамгийн гоё, аз жаргалтай мөчүүд дандаа л сагстай холбоотой байдаг. Тамирчид бөөнөөрөө багаар байрлах ч гэдэг юмуу, багаараа хоол идээд, ийш тийшээ амралт зугаалганд явах гоё.
Мөн аваргын баяр гэдэг ч юмуу, энэ дурсамжууд миний хаана ч ярьдаг хөгжилтэй, гоё, бүх дурсамжууд маань сагсан бөмбөгтэй л холбоотой байдаг даа.
Б.Билгүүн: Миний амьдралын хамгийн гоё, аз жаргалтай мөчүүд дандаа л сагстай холбоотой


-Тэмцээний талбай дээр өмсдөг өмсгөлийн дугаар ямар нэгэн бэлгэдэлтэй байна уу?
-Яг тийм бэлгэдэлтэй бол биш. Нэг оронтой тоо байхаар хоёр оронтой тоо илүү гоё харагддаг гэж бодоод анх ер нь 10 номерийг сонгосон.
Хүмүүс болохоор 10 номер гээд янз янзын зүйл ярьж л байдаг. 10 дугаар хорооллынх байдаг байсан гэдэг ч юмуу./инээв/
-Пүүзний хувьд та ихэвчлэн тоглолтын талбай дээр ямар загвартайг сонгодог вэ?
-Пүүзний хувьд би бол ер нь хөлд эвтэйхэн, түрийгүй пүүзийг сонирхдог. Ихэнх пүүзнүүд хэв шинжийн хувьд хамгийн тохиромжтой нь байдаг.


-Дээд лиг хөшгөө нээснээс хойш 30 настайгаа золгосон. Таны хувьд “Шилдэг 30”-д дуудагдсан. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-30 жилийн хүрээнд мэдээж Монголын хамгийн шилдэг 30 гэхээс илүү, лигийн хүрээнд гэж ярих нь арай зөв байх. Тэгэхгүй бол Монголын зөндөө олон шилдэг тоглогч нар Олон улсад бэлтгэл сургуулилт, хийж тоглодог олон сайхан тоглогч байдаг болохоор үүнийг харьцуулж гаргахад хэцүү байх.
Тэгэхээр энийг зөв ойлгуулахын тулд лигийн “Шилдэг 30 тоглогч” гэж ярьсан нь зөв байх.
Миний хувьд түүний нэг тоглогчоор шалгарсанд маш их баяртай байгаа. Яг анхандаа “Шилдэг 30”-д дуудагдсаныг сонсоод зүгээр л аан тийм үү? гээд л хүлээж авч байсан.
Б.Билгүүн: Дээд лигийн “Шилдэг 30”-д дуудагдаад арга хэмжээний яг дотор ороод, хөтлөгчийн зарлаж буй тэр эмоци, үзэгч фанатуудын хүлээн авч буй уур амьсгал
үнэхээр гоё, нэг тийм онцгой мэдрэмж төрүүлсэн


Тэгээд яг тухайн уур амьсгал дотор ороод яг тэрийг зарлаж байгаа, хөтлөгчийн дуу хоолойг сонсоод ч гэдэг юмуу, үзэгч фанатуудын дуу хоолойг нь сонсоод, тэрэн дээр илүү их огшиж, дотроос нэг өөрийн эрхгүй тийм огшсон гоё, онцгой мэдрэмжүүд төрж байсан. Тэгээд маш сайхан байсан.
Ярилцсанд баярлалаа.

