
Өрөг хэлэлцүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас та бүхэндээ хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой Зэс хайлуулах үйлдвэр хэрхэн ажилладаг, үүнийг барьснаар бид ямар ашиг хүртэх хийгээд үйлдвэртэй болж чадах эсэх талаар ярилцсанаа хүргэе.
-Монгол Улс зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар 37 жил ярьж байна. Өнөөдрийг хүртэл зэс хайлуулах үйлдвэртэй болж чадахгүй байгаа үндсэн шалтгаан юу вэ?
-Эрдэнэ үйлдвэр 37 жилийн хугацаанд судалгаа шинжилгээний ажлыг бүрэн хийсэн. Үе үеийн захирлууд зэс хайлуулах үйлдвэртэй болохыг зорьсон. Дэлхий дээр 120 гаруй зэс хайлуулах үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрт ашиглаж байгаа бүх үйлдвэрлэлийн технологийг Эрдэнэт үйлдвэр технологийн патент эзэмшигч компанитай нь хамт судалгаа хийж 2014 онд Эрдэнэт үйлдвэрт хамгийн тохиромжтой технологийг сонгосон. Төр засгийн бодлогод зэс хайлуулах үйлдвэртэй болно гэх асуудал яригддаг боловч төр засгийн тогтворгүй байдал нөлөөлсөөр өдийг хүрлээ.
– Та үзэгчдэд зэс хайлуулах үйлдвэрийн талаар товч тодорхой ойлголт өгөөч. Яг ямар процесс болдог юм бэ? Яаж экспортод гарч байгаа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж байгаа юм бэ?
-Зэс хайлуулах технологи бол 18-р зуун, 19-р зуунаас эхэлсэн технологи. ЗХУ-д анхны зэс хайлуулах үйлдвэрүүдийг барьж эхэлж байсан. Манай улс бол өнөөдөр зэсийн баяжмалыг экспортод гаргадаг. 560 мянга орчим тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж борлуулдаг гэсэн үг. Хайлуулах үйлдвэр баригдах юм бол бид нар зэсийн баяжмалаа хил дамнуулж гадагшаа зарахгүйгээр эндээ байгуулагдах хайлуулах үйлдвэртээ зэсийн баяжмалаа борлуулах юм байгаа юм. Хайлуулах технологи ер нь бол металлургийн нэг салбар. Металлурги маань дотроо гидрометалурги, пирометалурги гэж хоёр янз байдаг. Гидрометалург технологитой хувийн хэвшлийн гурван үйлдвэр Эрдэнэтэд байдаг. Энэ бол уусган баяжуулах технологи юм. Энэ чиглэлийн үйлдвэр байдаг бол бидний одоо барих гэж байгаа нь Монголын хамгийн анхны өнгөт төмөрлөгийн хайлуулах үйлдвэр барих гэж байгаа юм. Хайлуулах үйлдвэр гэдэг нь баяжмалаа хайлуулна, баяжмалаа хайлуулаад катодын зэс 99 хувиас дээш хувьтай катодын хавтан зэсийг үйлдвэрлэнэ ээ гэсэн үг.
Үйлдвэр технологийн парк дээрээ төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтуудаар баригдах өндөр технологийн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ катодын зэсээсээ өнөөдрийн байдлаар зэс утас, кабель үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг бид хийж эхлээд Эрдэнэс Монгол ХХК дээр хэлэлцүүлээд Аж үйлдвэр,эрдэс баялгийн яамныхаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлчихсэн байж байгаа. Мөн зэс нано нунтаг гэдэг зүйлийг хийх ТЭЗҮ гэх мэт дараагийн шатны үйлдвэрүүдийн ТЭЗҮ-г хийгээд эхэлчихсэн байна. Тэгэхээр зэсийн баяжмал гэдэг зүйлээсээ бид нар катодын зэс үйлдвэрлэнэ ээ ойролцоогоор Эрдэнэт үйлдвэр маань 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх ёстой. Катодын зэсээсээ бид нар аль болохоор ахиухан шиг болж өгвөл бүгдийг нь Монголдоо боловсруулж өртөг шингээх ийм л зорилготой. Ингэж байж бид нар олон тооны ажлын байрыг бий болгоно. Ер нь бол бид баяжмалаар борлуулахад зэсийн хүдрийг олборлосныхоо 15-20 хувийн л өртгийг дотооддоо шингээж чадаж байгаа юм. Үлдсэн 70-80 хувийг бид нар гадагшаа алдаж байна аа гэсэн үг. Тэгэхээр бид улсдаа энэ 70-80 хувийн өртгийг шингээгээд өөрсдөө хэрэглэх зэс утас, кабелиа үйлдвэрлээд гаднын улс руу экспортод онгоцоор тээвэрлэж болохоор хэмжээний өртөг шингэсэн зэсийн нано нунтгийг үйлдвэрлэх юм боломжтой. Ингэснээр тэдгээр үйлдвэрийн ажлын байрууд Эрдэнэт хотод бий болж шинжлэх ухааны төвүүд мөн төвлөрнө. Үндсэндээ өнгөт төмөрлөгийн хамгийн анхны үйлдвэр Эрдэнэтэд бий болох юм.

– Зэсийн үйлдвэр дээр яригдаж байгаа нэг зүйл бол хүхрийн хүчлээ яах вэ гэдэг асуудал шүү дээ. Энэ бол эрүүл мэндэд хортой элемент гэгддэг. Үүнийгээ яах юм экспортод гаргах юм уу? яаж ашиглах юм бэ?
-Бидний үйлдвэрлэж борлуулах бүтээгдэхүүн дотор Катодын зэсээс гадна 72 килограмм алт, 38 тонн мөнгө гарах юм. Мөн бидний борлуулах зүйл дотор элементийн хүхэр гэж зүйл байгаа. Элементийн хүхрийн судалгаа, ТЭЗҮ хийж байх үед Монгол улсад хүхрийн хүчлийн хэрэглээ байхгүй байсан. Хүмүүсийн яриад байдаг “хадны мангаа” бол энэ хүхрийн хүчил шүү дээ. Гэтэл хүхрийн хүчил бол химийн үйлдвэрүүдийн “талх”. Дэлхийн бусад олон улс оронд энэ бол химийн салбарын энгийн түүхий эд. Монголд хүүхрийн хүчлийн хэрэглээ байхгүй байсан учраас хүхрийн хүчлээ яах вэ? гэсэн асуудал гарч ирсэн.
Тиймээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ БНХАУ-ын төрийн өмчийн “EN-FI Engineering” гэдэг маш том корпорацтай хамтарч судалгаа шинжилгээний ажил хийж туршилтын үйлдвэр барьсан. Өнгөрсөн 9-р сарын 30-нд энэ туршилтын үйлдвэрийн бүх туршилт амжилттай болоод элементийн хүхрийг үйлдвэрлэх технологио хамтраад бий болгочихсон. Тэгэхээр элементийн хүхрийг хадгалах тээвэрлэхэд ямар ч асуудалгүй гэсэн үг. Хятад улс жилд найман сая тонн элементийн хүхрийг гаднаас худалдаж авдаг. Тэгэхээр бид тийшээ экспортолж болж байна. Элементийн хүхэр гэдэг нь зүгээр шар нунтаг. Урантай төстэй гэхдээ андуурч болохгүй. Хүмүүс зэс хайлуулах үйлдвэрээс хүхрийн хүчил гардаг гэж мэдэмхийрдэг. Гэтэл хүхрийн хүчил гэж зүйл гардаггүй. Хүхрийн давхар исэл гэдэг зүйл л ялгардаг. Хүхэрлэг хий гэж манайхан яриад байдаг. Хайлуулах явцад тийм хий гарч ирдэг. Оросын зарим үйлдвэрүүд одоо ч тэрийгээ байгальд нь шингээгээд орхидог. Гэхдээ манай ТЭЗҮ-ээр хийгдсэн олон улсын стандарт бол маш өндөр стандарт. Хүхэрлэг хийнээс нэг бол хүүхрийн хүчил үйлдвэрлэж болно. Эсвэл элементийн хүхэр үйлдвэрлэж болно. Хүхрийн хүчил үйлдвэрлээд зах зээл байхгүй гэж байсан бол өнөөдөр хүхрийн Монголд хүхрийн хүчлийн хэрэглээ хэд хэд гараад ирлээ. За “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Энэ үйлдвэрт 230, 240 мянга орчим тонн хүхрийн хүчил хэрэгтэй. Зэс хайлуулахад хэчнээн мянган тонн баяжмал байна тэрүүнтэй яг ижил харьцаатай харьцаатай хүхрийн хүчил ялгардаг. Жишээ нь 560 мянган тонн зэсийн баяжмалыг боловсруулахад 560 мянган тонн үхрийн хүчил гарна аа гэсэн үг. 230 мянган тонныг нь “Орано майнинг” авахаар болсон. Мөн Оюу Толгой үйлдвэр уусган баяжуулах технологиор катодын зэсийн үйлдвэр барихаар болсон. Олборлолтын явцад ялгардаг бага агуулгатай сульфидын хүдрээсээ катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар болсон. энд дахиад 200 гаран мянган тонн хүхрийн хүчлийн хэрэглээ байна. Мөн Бор-Өндөр Үйлдвэр Технологийн Парк дээр дахиад 200 гаран мянган тонн хүхрийн хүчлийн хэрэглээ байна. Монголд өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр бий болохоор хүхрийн хүчил энгийн хэрэглээ болж ирж байгаа юм.
-Зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар 37 жил ярьж байхад Эрдэнэт үйлдвэрийг хаягдал овоолго дээр ажилладаг “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь” компаниуд одоо бидний ярьж байгаа катодын зэсийг гаргадаг үйлдвэртэй болчихлоо шүү дээ?
– Эрдэнэт Үйлдвэрийг ангайгаад сууж байхад нөгөөдүүл нь барьчихсан зүйл биш юм л даа. Яагаад гэвэл энэ уусган баяжуулах үйлвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр барьсан гэж ойлгож болно. Яагаад гэвэл Ачит Ихт хаягдлыг өндөр технологи оруулж ирээд ашигласан гэж ярьсан. Тухайн үед би сайд байхдаа хэлж байсан. 1994 онд “Эрдмин” ХХК Монголд анх удаа уусган баяжуулах үйлдвэрийг барьсан. Тэр бүх технологийг нь Эрдэнэт үйлдвэр Америкчуудтай хамтарч хийсэн юм. ОХУ тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан. Тэнд зэсийн уусган баяжуулах үйлдвэр нэг ч байгаагүй. Энэ технологийн жишгээр “Ачит Ихт”, “Зэс Эрдэнийн Хувь” зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр том зорилго, том үйлдвэрээ харж явахад эдгээр хувийн хэвшлүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн үг. “Та нар энэ бүх зүйлийг эхлүүлсэн бүх ноу-хау технологийг судалж оруулж ирсэн. Бид тэгэхээр Эрдэнэ үйлдвэрт 34 хувиа үнэ төлбөргүй өгнө өө” гэж байсан боловч сүүлдээ “мурьчихсан” юм.
– Эдгээр компаниудын 34 хувийг төр авах ёстой гэж яригддаг. Яагаад үүнийгээ авч чаддаггүй юм бэ?
– Ачит Ихт “Бид Эрдэнэт үйлдвэрт 14 удаа 34 хувиа өгөх санал хүргүүлсэн” гэж яриад байгаа юм. Намайг ажил авснаас хойш таван удаа 34 хувийг өгье гэсэн санал ирсэн байдаг юм. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр биелүүлэх боломжгүй нөхцөлүүдийг тавьдаг. Хоёрдугаар овоолго дээр нэмж хүдэр буулга эсвэл 8А арванхоёрдугаар овоолгыг бидэнд өг, та нар өнгөрсөн хугацааны ногдол ашгийг битгий нэх гэх мэт Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын эрх мэдлийн хязгаараас давсан нөхцөлүүдийг тавьдаг. Одоо “Эрдмин” компанитай тохиролцоод 25 хувь эзэмшиж байгаагаа 34 хувь болгохоор ярьж байна. Зэс-Эрдэнийн хувь бол гадаадын өндөр хүүтэй зээл авчихсан засгийн шийдвэр яаж гарна тэр нөхцөлд нь тааруулаад бид төлбөрөө төлнө гэж мэдэгдсэн.
– Монголчууд зэс хайлуулах үйлдвэртэй болох талаар яриад 37 жил болсон байна. Зэс хайлуулах үйлдвэрээс гарсан түүхий эдээр дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох бол?
-Эрдэнэт үйлдвэр зэс хайлуулах үйлдвэр барих гүйцэтгэгч компанийн тендерийн техникийн даалгавраа боловсруулаад саналаа авахаар АҮЭБЯ, ЭЗХЯ, Эрдэнэс Монгол ХК, Сангийн яам, ТХАҮГ-руу саналаа явуулчихсан. Эхний хагас жилд тендерээ зарлаж гүйцэтгэгч компаниа олоод гэрээгээ байгуулчих юм бол. 30-36 сарын дараа буюу 2028 оны эхний хагас жилд үйлдвэрийг ашиглалтад оруул гэж бид нар шахаад, хяналт тавиад явна.

