
Хэд хоногийн өмнө ЕТГ-ын дарга асан З.Энхболд найман өдрийн өмнө Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн “Энержи ресурс” ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг өөрийн Х платформ хуудсанд нийтэлсэн.
Тэрбээр “…хууль бусаар Тавантолгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой” гэдгийг онцлон бичиж, газрын хуралдааны тэмдэглэлийг зурган байдлаар нийтэлсэн.
Тэгвэл өчигдөр буюу 2025.02.18-ны өдрийн өглөө Токио таун хотхоноос хууль, хүчний байгууллагаас MCS группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг баривчилжээ.
З.Төрмандах гэж хэн бэ?
2010 оны орчимд MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын Хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан. Түүнээс өмнө З.Төрмандах нь Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төрийн нууц, цагдаагийн нарийн мэдээллүүдэд хамгийн ойрхон, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан цагдаагийн хурандаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж байна.
Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс “Ухаа худаг“ ордтой холбоотойгоор MCS группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан эсэхийг тодруулахад, …үнэн бөгөөд зөвхөн З.Төрмандахын хамт нэр бүхий хүмүүс саатуулагдсан гэлээ. Тэрбээр нэмж хэлэхдээ,
“Монгол Улсын төрийн нууц, хуулийг давж хувийн аж ахуй нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Хувийн ААН дэргэдээ бараг тусгай байгууллагатай байсан гэх асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий этгээдүүдийг баривчлан саатуулан шалгаж байгаа. Хичнээн мөнгөтэй, том байлаа гээд хувийн ААН гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй” гэлээ.