
Сүүлийн өдрүүдэд гадаад валют, тэр дундаа ам.долларын ханш чангарч, эрэлт нэмэгдээд байна.
Ханшийн энэхүү хөдөлгөөн нь жилийн дундажаар тодорхой үед буюу 9-10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжих үед, сар шинийн баярын үеэр гэх мэт эрэлт нэмэгддэг үеүүдэд хэлбэлздэг. Сүүлийн жил, саруудад гадагшаа чиглэлтэй аялал жуулчлал нэмэгдсэн, автомашины импорт том дүнгээр нэмэгдсэн зэрэг тодорхой шалтгаан, хүчин зүйлсийн нөлөө валютын ханшид нөлөөлдөг. Мөн улирлын чанартайгаар уул уурхайн зарим үйлдвэрлэл саармагждагтай холбоотойгоор валютын орох урсгал саардагтай ч уялддаг.
Нэг ам.доллар 3459 төгрөгтэй тэнцлээ /2025.02.13/
Манай улсын гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5,5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд очсон үзүүлэлт болсон. Харин 2025 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,884.28 тэрбум ам.доллар Энэ нь валютаар төлдөг барааны төлбөрийн 5 шахам сарын хэрэглээг хангахуйц хэмжээнд байгаа гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ.
Олон улсад тавигддаг шаардлага, стандартаараа гадаад валютын 3 сарын хэрэглээний төлбөрийг хангаж байхад хангалттай гэж үздэг.
Монголбанкны зүгээс банкуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлээд явж байгаа тул ам.долларын хомсдол үүсээгүй гэлээ.
Харин Монголбанкнаас зарласан валютын ханш 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханшаар ам.доллар 3,455.89 төгрөгийн ханштай байна.
Том дүр зургаараа дан ганц дотоодын гэлтгүйгээр гадаад зах зээлээс, тэр дундаа АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн “худалдааны дайн”, үнэ тарифын асуудал нь манай эдийн засагт зохих үр нөлөөгөө үзүүлэх эрсдэл, дарамт бодитойгоор бий болсон гэлээ.