Вашингтон дахь АНУ-ын Сангийн яамны гадаа Илон Маскийн удирдаж буй Төрийн бүтээмжийн албаны тус яаманд явуулж буй ажлыг эсэргүүцсэн олон зуун иргэд, Ардчилсан намын хууль тогтоогчид цуглажээ. Жагсагчдын хэлж байгаагаар Төрийн бүтээмжийн албаны ажилчид төрийн санхүүгийн нууц дата тэр дундаа нийгмийн даатгалын төлбөр тооцоо, эрүүл мэндийн даатгалын Medicare хөтөлбөрийн нөхөн төлбөр, татварын буцаан олголт зэрэг олон их наяд ам.долларын гүйлгээ хийгддэг систем рүү нэвтэрсэн аж.
Жагсаалд оролцож буй Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Максвелл Фрост, “Илон Маск бидний бүх мэдээлэл, бидний нийгмийн даатгалын дугаар, холбооны төлбөрийн систем рүү нэвтэрсэн. Татвар төлөгчдийн мөнгөөнөөс хулгайлахад нь түүнийг юу зогсоох вэ?” хэмээн мэдэгдсэн бол сенатор Элизабет Уоррен, “Хэн ч Илон Маскийг сонгоогүй. Гэтэл Илон Маск Америкийн ард түмний эрх мэдлийг булааж байна. Бид энд тэмцэх гэж цугласан. Илон Маск энд Д. Трампын сонгуульд үрсэн мөнгөө цуглуулах гэж иржээ. И. Маск Америкийн төлбөрийн системийг хяналтандаа авлаа” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Ардчилсан намын сенатор Крис Мёрфи, “Бид тэрбумтнуудын тэр тусмаа Илон Маскийн доор ажилладаг 22 настнуудын албат биш” хэмээн онцолжээ. Сенатор Элизабет Уоррены хэлсэнээр Илон Маск Сангийн яамны төлбөрийн системийг хяналтандаа авсанаар өөрийг нь X нийгмийн сүлжээнд муулсан иргэд, өөрийнх нь эсэргүүцдэг эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн эмч нарт нийгмийн даатгалын мөнгө өгөх эсэхийг шийдэх боломжтой болох аж.