Өрөг ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн П.Сайнзориг оролцлоо.
Түүнтэй УИХ-ын үйл ажиллагаа, хууль боловсруулах ажлынх нь талаар болон улс төрийн хүрээнд өрнөж буй зарим асуудлаар ярилцсан юм.
Та гадаад ажилтны хуулийн төсөл өргөн бариад эргүүлэн татчихлаа. Тэгээд Л.Энх–Амгалан сайд яг ийм хуулийн төсөл боловсруулж байгаатай зэрэгцээд та яагаад ийм хуулийн төсөл өргөн барьсан юм бэ? Компаниудын лобби байсан уу эсвэл зориуд энэ хуулийн төсөл дээр олон нийтийн эгдүүцлийг хүргэж нийгмийн том сенсацыг дарах зорилготой байсан уу?
Өнөөдөр Монгол Улсын хөгжилд ямар асуудлууд чөдөр тушаа болж байгааг бид бүгд мэдэж байгаа. Үйлдвэр заводыг өргөтгөе гэхээр эрчим хүч дулааны эх үүсвэргүй. Үйлдвэрүүдээ өргөтгөе гэхээр мэргэшсэн туслах ажилтнууд байхгүй.Тэгэхээр энэ зүйлүүдийг ковидын дараах үеэс л манай ХЗДХЯ–н дээр бид нар боловсруулж байсан хууль юм. Ямар нэгэн лобби гэдэг юм уу, эрх ашигт үйлчлэх гээд байгаа зүйл байхгүй. Өнөөдөр нийт ААН, байгууллагууд дунджаар үйл ажиллагааны зардлын 30 орчим хувь нь мөнгөн зардал, цалин байгаа юм. Маш өндөр зардалтай ч бүтээмж хэр байгаа вэ гэдэг эргэлзээтэй.
Дээрээс нь 30 орчим мянган залуучууд ажил хайж байгаа энэ залуучуудыг сургах ёстой гэж хэлж байгаа юм. Гэтэл аравхан хүнтэй байгууллага хүн сургана гэдэг дахиад үйл ажиллагааны зардал. Тэгэхээр бид үүнийг бодлогоор буюу ур чадвартай хүмүүсийг авчирч сургах, чадвартай хүмүүсээс суралцах бололцоог олгодог. Сингапур яг ингэж хөгжсөн. Энэ хуулийг зохион байгуулалттайгаар хятад ажилтныг оруулж ирэх гэж байна гээд улс төрийн эрх ашгийн үүднээс улс төрчид сэвсэн. Гэтэл өнөөдөр Хятадын нэг ажилтан 1600 ам.долларын цалинтай байгаа шүү дээ.
Та өмнө нь ярилцлагад орохдоо яриад байсан. Тэгээд хэн зохион байгуулалттайгаар, ямар зохион байгуулалттайгаар сэвээд байгаа юм бэ?
Үгүй ээ тэгээд л энэ чинь жагсаал цуглаан хийгээд л энд ордонд хамтдаа нэг ангид сууж л байна л даа. Одоо манай ах ч бүх л зүйлд оролцох юм байна шүү дээ. Тэгээд өөрсдөө хамгийн их гадаад ажилтан оруулж ирдэг.
Та шууд болон шууд бус утгаараа Женко гэж хэлээд байгаа шүү дээ?
Тийм шүү дээ.
Та Женко гэдгийг яаж баталж байгаа юм?
Гар хөлүүд нь яг хууль өргөн бариад л цагийн дараа бүх постерууд нь бэлэн. Ингээд л гаргаад тавьчихаж байгаа юм. Тэр хүний дагуулж явдаг хүмүүс нь пост бүгдийг нь сэвээд л хятад гэдгээр айлгасан. Хамгийн их хятадыг өөрөө оруулж ирдэг. Өнөөдөр Цонжин болдогийн ард байгаа Баянгол ресортын хажууд Тэгри мед гээд сувилал байна тэнд нь дандаа гаднынхан ажиллаж байна. Тэр хүн бусдыг нь болохоор айлгаж, ичээж, нэр хоч өгдөг, өөрөө болохоор яг эсрэг зүйл хийдэг. Монголчууд, бизнес эрхлэгчид аяндаа ойлгох байх. Би нэг их одоо хятадуудыг оруулж ирэх гээд байгаа юм биш. Энэ чинь өөрөө Монгол Улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын хуваарь угаасаа квоттой байдаг юм.
Гэтэл давхар квотыг хөдөлмөрийн яам тавьдаг. Тэр давхар квот дээр нь дандаа дарга нарын хаалгыг татаж, томчууд нь авдаг, ЖДҮ авдаггүй. Хоёрдугаарт 10 ажилтантай нэг ЖДҮ эрхлэгч нэгхэн гадаад ажилтан авч орж ирэх журамтай. Энэ нь эргээд ААН байгууллагуудын бүтээмжээ сайжруулах, ажлын байруудыг олноор нь бий болгох энэ бололцоог ерөөсөө хаачмхаад байгаа юм.
Уг хууль бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болно гэж үзээд байгаа хэрнээ яагаад хуулийн төслийг татаж байгаа юм бэ? эсвэл үнэхээр хуулийн төсөл нь алдаатай байсан уу, шахалтад орсон уу?
Бид хамтаараа өргөн барьсан, хэлэлцсэн. Өргөн барьсан хуулийн төсөл дээр дөрөөлж шал өөр улс төр явсан учраас бид түр татсан. Ямар ч байсан энэ хуулийн төслийн боловсруулалтыг нь улам сайжруулъя, иргэд олон нийтээр хэлэлцүүлье. Зөвхөн одоо ур чадвартай ажилчдыг МСҮТ дээр дамжиж сургана гээд байх биш ур чадвартай ганц 2 залуучуудыг дагаад сурах асуудал юм.
Таны дарга Х.Нямбаатар түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээ нь автомашины дугаарыг нэмж олгохгүй, ХЗДХ–ийн сайд О.Алтангэрэл “энэ бол хүний эрхийг зөрчиж байна“гэсэн. Аль нь зөв юм бэ?
О.Алтангэрэлд тийм эрх байхгүй. Х.Нямбаатар бол миний дарга биш. Би хамтарч ажиллаж байсан журмын нөхөр гэх үү, мэдээж надаасах хүний хувьд би хамтран ажиллаж, зүтгэж байсан, миний журмын ах гэж хэлж чадна. Түүнээс биш би Х.Нямбаатар даргаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яаманд, Хууль зүйн салбарт ажиллаж байсан. Би 2013 онд ХЗДХЯ–нд Тэмүүжин сайдын үед шалгалт өгөөд ажиллаж байсан хүн. Би Тэмүүжин, Дорлигжав гэх мэт үе үеийн сайд нартай ажиллаж байсан.
УИХ–ыг тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа Дорлигжав сайдын Эрүүгийн багц хуулийн шинэчлэлийг батлуулах гээд л Тамгын газрын зөвлөх хийгээд л явж байсан хүн шүү дээ. Би төрд яг л өөрийгөө зориулж явна. Түүнээс биш хэн нэгний, дарга цэргийг гуйж энэ албан тушаалд ерөөсөө очоогүй. Би энийг асуултынхаа өмнө тодорхой хэлчихье. Хоёрдугаарт нь манай Хууль зүйн сайдын поп нь дэндээдбайгаа юм. Өнөөдөр даргад аливаа нэг байгууллагын шийдвэрийг шууд хүчингүй болгодог эрх байхгүй, тэр хүнд харин дүгнэлт бичих эрх байгаа.
Ямар алдаа байна, хуульд нийцэхгүй заалтууд байна уу, иргэдэд таатай биш зохицуулалтууд байж болзошгүй тул энийгээ эргэж хараач ээ гэдэг. Түүнээс биш сая СЗХ–ны журмыг хүчингүй болгож байгаа юм. Одоо тэр журам хүчинтэй хэвээрээ байгаа шүү дээ. Тэр 9 хоногийн хугацаанд жишээ нь, автын осол гараад, жолооч даатгалаа нэхэмжилсэн чинь одоо даатгалын компани “О.Алтангэрэл сайд журмыг нь хүчингүй болгосон учраас чамд даатгал өгөхгүй” гэж хэлэх нь байна шүү дээ. Тийм эрх тэр хүнд байхгүй.
Өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомжийн тогтвортой байдал гэдэг чинь хуулиасаа эхлээд энэ бүртгэлтэй журмуудыг хэлж байгаа юм. Хэн нэг дарга гарч ирээд журам хүчингүй гээд байх юм бол энэ чинь өөрөө Монгол Улсад энэ хууль эрх зүйн талдаа тогтворгүй байдаг юм байна, даргын ор юм байна гэдэг энэ мессежийг өгөөд байгаа шүү дээ. Би эффектийг нь сонссон одоо бүүр ингээд зарим таалагдахгүй журмуудыг хүчингүй болгож өгөөч ээ гээд, ийм буруу жишгийг тогтоож байна.
Одоо тэгэхээр даатгалын журам хүчинтэй байгаа юм уу?
Хүчинтэй байгаа. СЗХ журмаа өөрсдөө сайжруулаад, батлаад, шинээр бүртгүүлж байгаа. Процесс нь ингэж явдаг.
Энэ хооронд иргэд хохирч байгаа юм биш үү?
Тийм. Иргэд хохирч байна. Хүнд таалагдах гэж, олон нийтийн уур амьсгалд тааруулж ерөөсөө юм ярьж болохгүй. Тэгж тааруулдаг хүмүүс олон нийтэд шүүмжлүүлдэггүй юм байна. Би угаасаа тэгж чаддаггүй учраас зарчимаа л барьдаг.