Австралийн зүүн хойд зүгийн Квинслэнд мужийн хойд хэсэгт их хэмжээний хур тунадас орж, үер бууснаас болж нэг эмэгтэй амиа алдаж, мянга мянган иргэд орон гэрээ орхиход хүрчээ.
Квинслэнд мужийн эрх баригчид усны түвшин үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж, аюултай бөгөөд иргэдийн амь насанд заналхийлсэн нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Өнгөрсөн баасан гарагаас хойш Квинслэнд мужийн зүүн хойд бүс нутагт 1000 гаруй мм хур тунадас ороод байгаа нь хур тунадас энэ даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тухай Квинслэнд мужийн ерөнхий сайд Дэвид Крисафулли мэдэгджээ.
Цаг уурчид Квинслэнд мужид үүссэн нөхцөл байдлын тухайд сүүлийн 60 жилд тус мужид болоогүй үер усны гамшиг хэмээн онцолсон бол Квинслэнд мужийн ерөнхий сайд Дэвид Крисафулли Квинслэнд мужид сүүлийн хэдэн арван жилд бүртгэгдээгүй их хэмжээний хур тунадас орсон тухай ABC сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Таунсвилл хотын онцгой байдлын албанаас тус хотод 1700 гаруй байшин үерт автсаны зарим нь хоёр давхар хүртлээ усанд автсан тухай мэдэгджээ. Таунсвилл хотын захын 6 дүүргээс мянга мянган оршин суугчдыг өнгөрсөн ням гарагт нүүлгэн шилжүүлсэн байна. Тус бүс нутаг нь 2019 онд мөн үерийн гамшигт өртөж байсан юм.
Таунсвилл хотыг аялал жуулчлалын төв гэгддэг Кэрнс хоттой холбох авто зам нь усанд автсанаас болж үерийн гамшигт өртсөн бүс нутагт хүрэх хүндрэлтэй болжээ. Таунсвилл хотын нисэх онгоцны буудал даваа гараг хүртэл хаалгаа барьж, супермаркетуудын лангуу хоосорч, олон мянган айл өрхүүд тоггүй болжээ.
Түүнээс гадна орон нутгийн иргэдэд үерийн усанд матрууд байж болзошгүйг анхааруулжээ. Квинслэнд мужийн хойд хэсэг нь газар зүйн байршлаасаа шалтгаалан хар салхи, үер усны гамшигт өртөх хандлагатай ч уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн эдгээр үзэгдлүүдийн давтамж ойртож, илүү хүчтэй, ширүүн болсон хэмээн эрдэмтэд онцолсоор байгаа юм.
Эх сурвалж: BBC