Сербийн оюутан залуус өнгөрсөн оны 11-р сарын 1-нд Сербийн Нови Сад хотод галт тэрэгний буудлын бетон саравч нурж, 15 хүний аминд хүрсэн явдалд засгийн газар хариуцлага хүлээхийг шаардан жагсжээ.
Жагсагчид Нови Сад хотод байрлах Дунай мөрний 3 гүүрний хөдөлгөөнийг хаасан ба засгийн газраас осолд буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага ноогдуулахыг шаардаж байгаа аж. Нови Сад хотын галт тэрэгний буудлыг сэргээн засварлах ажил 2021 онд эхэлжээ
Галт тэрэгний буудлын барилга, дээвэр, үүдний хэсгийн дээрх саравч, төмөр зам, тавцан, зэргийг засварлах ажлын гүйцэтгэгчээр Хятадын компаниуд ажиллаж, 2022 оны 3-р сард галт тэрэгний буудлыг нээсэн ч хагас жилийн дараа галт тэрэгний буудлын дээврээс ус гоожсон гэх шалтгаанаар буудлыг хаажээ.
Үүнээс хойш галт тэрэгний буудлыг бүхэлд нь болон хэсэгчлэн хэд хэдэн удаа хааж засварласан аж.
2024 оны зун галт тэрэгний буудлын засварыг бүрэн дуусгасан ба энэ ажилд Сербийн засгийн газар 65 сая евро зарцуулжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар галт тэрэгний буудлыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэгчид аюулгүй байдлын тал дээр хойрго хандсан аж. Оюутнууд галт тэрэгний буудлын засварыг чанаргүй гүйцэтгэсэн этгээдийг олж хариуцлага хүлээлгэхийн тулд засгийн газар галт тэрэгний буудлын засвартай холбоотой техникийн бүх бичиг баримт, зураг төслийг ил болгохыг шаардаж байгаа аж.
Нови Сад хотын галт тэрэгний буудалд гарсан ослоос хойш оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Сербийн Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцорсон юм.
Ослоос хойш 3 сар өнгөрч байгаатай холбогдуулан өнгөрсөн бямба гарагт оюутан залуус болон иргэд Нови Сад хотын галт тэрэгний буудлын гадна 15 минут зогсож, амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэжээ.
Оюутнуудын засгийн газрын эсрэг хөдөлгөөний алдартай теннисчин Новак Жокович дэмжиж буйгаа илэрхийлсэн бол энгийн иргэд жагсаалд оролцож буй оюутнуудыг хоол хүнсээр хангаж, хоноглох газар хүртэл олж өгч байгаа аж.