Еврогийн шинэ дэвсгэртүүд Европын алдартнууд болон байгалийн зургуудтай хэвлэгдэн гарна.
Европын төв банк еврогийн дэвсгэртүүдийнхээ дизайныг шинэчлэхээр болжээ.
Энэ нь 2002 онд анх хэрэглээнд гарсан еврогийн дэвсгэртийн дизайнд хийгдэх анхны өөрчлөлт болох аж.
Европын төв банк еврогийн дэвсгэртийн дизайны хоёр шинэ хувилбарын концепцийг баталжээ. 2023 онд Европын холбооны 365 мянган иргэдийн дунд хийсэн санал асуулгын дүнгээр Европын төв банк шинэ дэвсгэртүүдийн дизайнд “Европын соёл” болон “Гол мөрөн ба шувууд” гэсэн сэдвүүдийг шингээхээр болжээ.
“Европын соёл” сэдвийн дагуу еврогийн дэвсгэртийн нэг талд соёл урлаг, шинжлэх ухааны салбарын алдартнуудын хөрөг, нөгөө талд нь Европын музей, цэцэрлэгт хүрээлэнгүүд, Европт зохиогддог урлаг соёлын арга хэмжээнүүдийг дүрслэх аж.
Еврогийн шинэ дэвсгэрт дээр Грек улсаас гаралтай Америкийн дуурийн дуучин Мария Каллас, хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен, эрдэмтэн Мари Кюри, Испанийн зохиолч Мигель де Сервантес, Италийн уран зураач Леонардо да Винчи, Австрийн зохиолч Берта фон Зутнер нарын хөрөг хэвлэгдэх төлөвтэй байгаа аж.
“Гол мөрөн ба шувууд” сэдвийн дагуу 5, 10, 20, 50, 100, 200 еврогийн дэвсгэртийн нэг талд Европын үзэсгэлэнт байгалийг дүрсэлж, нөгөө талд нь Европын холбооны засаг захиргааны байшин барилгуудын зургийг хэвлэх талаар яригдаж байгаа аж.
Дээрх хоёр сэдвээр еврогийн дэвсгэртийн шилдэг дизайныг тодруулах уралдаан 2025 онд зарлагдах ба 2026 онд Европын холбооны иргэдийн санал асуулгын дүнгээр шинэ дэвсгэртийг тодруулна гэжээ.