Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. 2025 оны 1-р сарын 29-ний өглөө 3 настай эрэгтэй хүүхэд өндөр халуурч, биеэр нь тууралт гарсан шинж тэмдгээр эмнэлэгт ханджээ. Шинжилгээгээр менингококкт халдвар болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хүүхдийн биеийн байдал маш хүнд, ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд байна.
Монгол Улсад менингитийн халдварын тохиолдол үе үе бүртгэгддэг бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг. Тус өвчин нь 6-12 цагийн дотор маш хурдан хүндэрч эмчилгээ оройтсон тохиолдолд амь насаа алдахад хүргэдэг аюулт өвчин юм. Менингококкт халдвар нь 10-15 жилийн давтамжтай томоохон дэгдэлт үүсгэх хандлагатай байдаг. Өмнө нь 2000-2001 онд Монголд менингококкт халдварын томоохон дэгдэлт болж, хүүхдүүд их өртсөн. Үүнээс гадна 2017-2018 онд байга насны хүүхдүүдийн дунд халдварын тохиолдол ихэсч байв. 2025, 2026 онд Менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр анхаарч мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу.
Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамждаг.
Илрэх шинж тэмдгүүд:
-Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш),
-Цоргитол бөөлжих,
-Цусархаг од хэлбэрийн тууралт бүх биеэр гарах,
-Дагз хөших,
-Гэрлээс цочих, айх
Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг дагана уу.
1. Ам, хоолойг давс сод, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,
2. Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)
3. А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,
4.Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),
5. Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх( шүлсэнд бактер байдаг)
6.Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,
7.Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно. Хамгийн чухал нь олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.