Эрээн бараан ээлжилдэг энэ хорвоод хүн л хойно баярлана, уйлна, гуниглана, догдолно. Ер тэгээд энэ бүх хуйсагнал хүнээс гарч байж, амьдралын амтыг илүү мэдрүүлдэг юмуу гэлтэй.
Аа гэхдээ хүнийг нэг өдөр, яг нэгэн зэрэг бүх л сэтгэл хөдлөлийг нь дээд цэгт нь гаргаж, шавхдаг салбар бол “спорт” билээ. Спортын хором мөч, цаг минут, тэр давхцал бүр харилцан адилгүй. Тиймээс л тухайн мөчид хүн ямар үйл хөдлөл, нүүрний хувирал, эмоци, кайфыг гарган. Тэр бол хэзээ ч дахин давтагдашгүй. Иймдээ ч спорт бол үзэгч, фэн фанатуудыг ч далд утгаараа огцом татдаг тэр л “соронзон орон зай”.
Хөдөө нутгаас шавилхан жаахан охин нийслэл Улаанбаатарыг зорин иржээ. Түүний спортод тэр дундаа жүдо бөхөд анхлан хөл тавин алхан орсон эхний жим бол “Монгол охид” жүдогийн клуб. 1997 он энэ жаахан эршүүд талдаа охины эхлэл цэг бөгөөд цаашид хэрхэн, ямар хүн байхыг зааж өгсөн луужин болж өгчээ. Тамирчин, шүүгч, дасгалжуулагч гээд л жүдо бөхийн спортод бүх л шат дамжлагаар сургагдан 20 гаруй жилийг энэ л цаг завгүй халуун цэгт хамтдаа үдэж яваа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмааг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ энэ удаагийнхаа хоймортоо хүндэтгэн урилаа. Тэрбээр өдгөө багш дасгалжуулагч байхын жаргал баяртай мөчийг мэдрэн, жүдо бөхийн хөнгөн жинд шилдэг тамирчдыг бэлтгэж яваа.
М.Бундмаа: Жүдо бөх бол миний хамгийн сайн хийдэг “дархан мэх”
-Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн 6 олимп дарааллан жүдочид амжилтаа буухиалсан сайхан жил 2024 он байлаа. Мөн хөнгөн жингийн тамирчин Б.Баасанхүүгийн хувьд 2024 он бол цахилаж яваа гөрөөс мэт л амжилтаар дүүрэн үдлээ.
-2024 он жудочдын хувьд дажгүй амжилттай өндөрлүүлчихлээ гэж бодож байна. Дэлхийн аваргатай тэгээд олимпоос медальтай гэдэг нь жудочдын хувьд чамлахааргүй амжилт. 2025 он “Лос Анжелес-2028” шинэ олимпын буюу дараагийн олимпын цикл эхэлж байна. Энэ жилийн УАШТ нэлээд онцлогтой ч боллоо. Шинэ залуу тамирчид маш их гарч ирлээ.
-2025 оны жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эхний улирлын төлөвлөгөө ямар дүр зурагтай байна вэ?
-Энэ оны 3 дугаар сар хүртэл гадагшаа тэмцээнд явахгүй гэсэн бодолтой байгаа. Яагаад гэхээр суурь бэлтгэлээ ямар ч байсан сайн хийж аваад, үүний дараа 3 дугаар сараас Гүрж, Туркийн Гранд Сламаас эхлээд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж оролцоно. Манай шигшээ баг 37 тамирчинтай, нийт 6 багш буюу 1 ахлах дасгалжуулагч 5 туслах дасгалжуулагчтай. Шигшээ баг 21 тамирчинтай.
М.Бундмаа: 12 настайдаа Хархориноос нийслэлд
зорин ирж “Монгол охид” клубт хөл тавьсан
-Хэрхэн яаж яваад хэдэн настайгаас энэ их спорт руу хөл тавьсан бэ? Спортын төрлүүдээс яагаад бөхийн төрлийг сонгох болов?
-Би 1997 онд буюу 12 настайгаасаа жудо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сумаасаа шууд хотод ирээд “Монгол Охид” бөхийн клубт МУГД Эрдэнэбат, МУГД Базарсүрэн багш нарынхаа шавь болж бөхийн спортын гараагаа эхэлж байсан даа. Багаасаа л ер нь жоохон эршүүд талдаа тэгээд дээрээ гурван ч ахтай хүн. Тийм болохоор ах нартайгаа ноцолдож өсөөд л ер нь эмэгтэй тамирчдын хувьд дийлэнх нь тийм замналтай байдаг./инээв/
Дасгалжуулагчийн алба нь мэдрэмжийг
дээд түвшинд шаарддаг ажил
-Бундмаагийн хувьд жүдо бөхийн 52кг-ийн жиндээ Монгол улсын нэрийг олон жил нөгөө тахалсан гэж ярьдаг даа?
-Дасгалжуулагчаар ажиллаж эхэлсний дараа боддог л доо. Тамирчин байхдаа бэлтгэлийг бол сайн хийдэг байсан, гаргасан амжилт дажгүй. Өнгөрүүлсэн цаг хугацаа, тамирчны замналдаа би ерөөсөө харамсдаггүй. Өөрийнхөө хэмжээнд гайгүй барилдчихдаг байсан даа гэж боддог. Харин дасгалжуулагч болчихоод ээ би энийг мэддэг байсан бол, энийг мэдэж байсан бол арай дээшээ барилдах байж дээ гэж боддог. Энэ нь арай өөр нүдээр жүдог хараад гэх юмуу. Аливаа зүйлийг олон талаас нь хараад эндээс би яах уу, ийх үү гээд ирдэг юм билээ. Маш их зүйлийг сурч, суралцаж явж байна даа.
-Жүдо бөхийн “Монгол охид” клуб нэгэн цаг үед шилдэг өрсөлдөгчид байсан охидыг бэлтгэж байсан сайхан клуб дээ?
-Жүдо бөхийн “Монгол охид” клуб маань 1997 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Би яг тэр үед нь жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн үе. Эхлэл цагаасаа хойш 2000-аад он хүртэл нас насны ангилалд багаараа түрүүлдэг байсан зөвхөн эмэгтэй багаа дагнасан клуб байсан. Манай МУГД Ч.Базарсүрэн багш чинь ёстой супер хүн дээ. Би чинь хөдөөнөөс орж ирээд л яг багшийндаа маш их очдог байлаа. Багшийнх ганданд, манайх хорооллын эцэст байдаг байсан. Тэгээд бэлтгэлээ тарчихаад багшийгаа дагаад гандан хүртэл алхдаг байлаа. Манай багш чинь маш хурдан алхана, араас нь жаахан хүүхэд чинь шогших маягтай дагана. Багшийндаа маш их цагийг өнгөрөөнө. Өвөл бэлтгэл тарахаар багш намайг их хүргэж өгдөг байсан. Жаахан хүүхэд байсан болохоор намайг төөрчих вий гээд эрсдлээс санаа нь зовинодог байсан хэрэг л дээ. Багаас минь л багш нар маань намайг маш их дэмждэг байлаа. Энэ дашрамд хоёр багшдаа маш их баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
Монголын эмэгтэй тамирчид дэлхийн татамигаас медальтай бууна гэдэг нь тун хүндхэн даваа байв
-Таны хувьд жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүж байсан тэр л он цаг бахдам. Аливаа он цагийн хэлхээсийн түүх болсон спортын амжилтууд тийм ч амархан олдохгүй л боловуу?
-Миний хувьд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын татамигаас медаль авна гэдэг бол тэр үед маш хэцүү байсан. Монголын эмэгтэй тамирчдын хувьд хүнд байлаа. Яг 2005 онд анх Х.Эрдэнэт-Од багш маань анхны эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын медаль хүртэж байлаа. Тэгээд 5 жилийн дараа буюу 2010 онд би хүрэл медаль авч байсан. Яг тэр 2010 оноос хойш хоёр Япон жүдо бөхийн нэг жинд хоёр тамирчин оролцож болдог болсон. Манай жинд хоёр тамирчин оролцож зооны аваргын төлөө нэг Японд нь ялагдаад хүрэл авч байв. Одоо бодоход азаар жүдо бөхийн дэлхийн аваргаас бас хоосонгүй. Дэлхийн аваргаас нэг медаль авсан байна гэдэг нь энэ спортдоо бас нэг гавьяа байгуулсан л гэж бодож явдаг.
Шавь нартайгаа жижиг зүйл дээр ч тулж
ажиллахыг эрмэлздэг
-Хэдэн оноос дасгалжуулагчийн албанд ажиллаж эхлэв?
-2016 оноос хойш барилдахаа больсон. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдоод ажилласан. Дасгалжуулагч болоод 2019-2021 оны хооронд би өөрийгөө нэлээн голсон. Би одоо дасгалжуулагч болж чадах юмуу даа, ээ би бараг дасгалжуулагч болж чадахгүй юм бишүү дээ гээд эхний хоёр жил нэлээд урсгалаараа өнгөрсөн юм боловуу гэж одоо бодож дүгнэдэг.
2021 онд дасгалжуулагчаар олимпт явсан. Тэр цаг үе надад нэлээд том туршлага болж өгсөн гэж боддог. Мэдээж хүн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой. Түүнээс хойш би маш их судлах ёстой юм байна. Аливаа зүйлийг жижиг гэлтгүй анзаарч байх хэрэгтэй гэдгийг мэдэрч жижиг зүйлээс детальчилж, тулж хүүхдүүдтэйгээ жижиг зүйл дээр ажиллахыг хичээдэг болсон. Хүн аливаа нэг зүйлд тууштай байна гэдэг нь сайхан санагддаг.
-Бундмаагийн хувьд тамирчин, шүүгч, дасгалжуулагч гээд л яг энэ спортынхоо бүх л замналаар тойролгүй яваад ирсэн байдаг?
-Одоо би тамирчин байсан, дасгалжуулагч болсон. Дунд нь би бас шүүгчийн сургалтуудад суугаад Олон улсын шүүгчийн зэрэгтэй. Жүдогийнхоо бүх л шат дамжлагаар явж ирсэн дээ. Надад бол маш сайхан л санагддаг.
Б.Баасанхүүгийн “тархины хурд” барилдаантай нь
маш сайн уялддаг гэж боддог
-Өөрийн тань хувьд шигшээ багийн тамирчдын хөнгөн жин дээр шавь нараа бэлтгээд их ойр ажилладаг. Энэ ч утгаараа “Парис-2024” зуны олимпын наадамд эмэгтэйчүүдийн 48кг-д Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн амжилт нь мэдээж тантай салшгүй холбоотой?
-Би шигшээ багийн хөнгөн жингийн тамирчидтай ойр ажилладаг. Бааскагийн хувьд бол хариу мэх болон хариу үйлдлүүд маш хурдан. Бид нар бэлтгэл сургуулилтанд их гарна. Тэр үед хөгжөөнт тоглоом их тоглоно. Тэгэхээр Бааскагийн тэр сэтгэж байгаа, сэтгэн бодох чадвар, хурдан хариу үйлдлүүд үзүүлж байгаа, “тархины хурд” маш оновчтой сайн.
Тархины болон үйлдлүүд, сэтгэн бодох чадваруудыг шаардсан хөгжөөнт тоглоомыг маш сайн, өндөр хэмжээнд тоглодог. Тэгээд би хүн, хүний тархины хурд нь хариу үйлдэл үзүүлэх чадвар, мөн сэтгэн бодох цаашлаад тархины хурд нь барилдаантай нь салшгүй уялдаад байгаа юм болов уу гэж бодсон.
Мөн Бааска маань контур мэхнүүд маш сайтай, тэрийгээ хурдан хугацаанд үзүүлдэг. Гүйцэтгэл сайтай, тиймдээ ч тэр унаад шидэх мэхээ маш хурдтай гүйцэтгэдэг болов уу.
Өөрийн барилдаж байсан 52кг-д олимпын медальтан бэлтгэн төрүүлэх зорилго тээж яваа
-Тамирчин хүн бол зөвхөн өөрийгөө л аливаа тэмцээнд авч явдаг. Харин багш хүн бол тэр олон хүнийг хариуцна, дээд зэргийн түвшинд ажиллах ёстой байдаг болов уу?
-Багш хүний хувьд жижиг, том гэлтгүй бүх зүйлийг маш сайн ажиглаж байх ёстой. Мэдрэмж бүр дээд зэргээр өндөр байх хэрэгтэй гэж би боддог. Тамирчин хүн сэтгэлзүйгээ яаж тайван байлгах уу, тэр хэмжээгээр амжилтад хүрэх магадлал өндөр юм шиг санагддаг. Түүнийг яаж “тэг” дээр барих вэ гэдэг чинь асуудал.
2021 онд бид нар охидуудаа аваад Турк улс руу хамтарсан бэлтгэлд явж байсан тэр үед охидуудын маань бэлтгэл жаахан тиймэрхүү ч байлаа.
Би охидуудаа дуудаж ирээд ярилцаж суухдаа: Тамирчин хүний амжилт гаргах хамгийн чухал зүйл юу вэ? гээд бүгдээс нь асуулаа. Та нар хэл дээ, өөрсдийнхөө бодлыг хэлээрэй гэсэн. Бүгд л сахилга бат, бэлтгэл сургуулилт, зөв хоолло, унтаж амрах ёстой гэсэн зүйлүүдийг хэлсэн. Тэгэхээр нь би хэлэхдээ үгүй шүү дээ гэтэл охидууд маань бүгд гайхсан. Би хэлэхдээ амжилт гаргах хамгийн чухал зүйл бол тамирчин-дасгалжуулагч хоёрын харилцаа гэсэн. Энэ үгсийг би аль 2021 онд тэд нартаа хэлж байлаа. Ер нь тамирчин хүн бэлтгэл дээр л хамаг зүйлээ хийж авах хэрэгтэй дээ. Сэтгэлзүйн бэлтгэл, тактикийн, техник ур чадвараа сайжруулах зэрэг. Тийм мөч тулгарвал яанаа гэдгийг тэмцээний өмнө бэлтгэл дээр ч урьдчилан бодож л байх ёстой юм шиг билээ. Тэрийгээ л өөртөө багтааж яг мэдэрчихсэн хүн дэвжээн дээр алдаа гаргах нь мэдээж бага. Гэхдээ яг барилдаж байх мөчид хэцүү л дээ. Өрсөлдөгчөө хожиж яваад хэдхэн секунд дутуу байхад тэр хүн дотроо яг юу гэж бодож байгааг мэдэхгүй. Жинхэнэ тэр тамирчны дотор бол дайн болж байгаа л гэсэн үг. Маш хэцүү.
Миний бодлоор хамгаалалт бол “довтолгоо” л гэж би хэлнэ. Сагсан бөмбөг дээр ч гэсэн өрсөлдөгчөөсөө маш олон оноогоор тасарсан ч гэсэн хэдхэн секунд дутуу байхад байнга л хамгаалаад байдаггүй. Яг тэрэн шиг л хамгаалангаа довтолж байх л хэрэгтэй. Энэ нь л хамгийн сайн “хамгаалалт” гэдгийг спортын хүн бүр л ярьдаг.
Тамирчны амжилт бол шавь-багшийн
харилцаа гэж боддог
-Таны ирээдүйн бодол, зорилго төлөвлөгөөг сонирхоё хэмээн бодож сууна?
-Өөрийнхөө хүч үздэг байсан жингээс олимпын медальтан төрүүлчих юмсан гэж бодож, эрмэлзэж, хөдөлмөрлөж явна даа. Эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд Дэлхийн аваргын хүрэл медальтай. Олимпын медальтан төрүүлчих юмсан гэж их боддог учраас энэ тал дээр ч маш их хичээж байгаа. 2028 оны олимпт өөрийнхөө жинд медаль авна л гэж бодож байгаа. 52кг-д хүүхдүүдээ сайн бэлтгэж байгаад ширүүхэн сайн өрсөлдөөнийг үзүүлнэ гэж бодож байгаа. Ер нь энэ жинд эн тэнцүүхэн улсын аваргад хоорондоо сайн үздэг 3-4 тамирчин бий.
-Жүдо бөхөөс мэдэрдэг кайф, тэр онцгой мэдрэмжийг нэг үгээр илэрхийлвэл
-Ажил дээр би том зүйлээс нэг их юм хардаггүй, жижиг асуудал дээр том болгож харан нухацтай ханддаг. Ингэж ажиллах нь бас үр дүнтэй юм болов уу гэж боддог.
Жүдо бол миний бүх зүйл. Хүүхдүүдээ ялалт авчрахад баярлана, хөөрнө, заримдаа би чинь уйлна. Нэг дээшээ болоод л нөгөө доошоо болоод л энэ спортоос бүх зүйлийг амтлаж буй нь маш гоё. Бүх сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг харуулдаг.
Ярилцсанд баярлалаа.