Ladies only label-ийн уран бүтээлч, реппер Babynna буюу Б.Наранзаяаг бид энэ удаагийн Хөрөг нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Түүний гайхалтай эрч хүч, чадварлаг үглэлт, хурц үгсээс жинхэнэ Хип хоп эмэгтэй ямар байдгийг тольдож болох юм. Монголын Хип хоп ертөнцийн солонго болох түүнийг үзэн ядаж, доромжлох хүн цөөнгүй байдаг ч эдгээрт биш боловсрол, уран бүтээл, дотоод сэтгэлдээ илүү анхаарах ёстойг ойлгож сайжирсаар байгаа талаараа тэрбээр онцоллоо.
-Хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа уран бүтээлч болох сонголтыг хийсэн тэр үеэс эхлэх үү?
–Хип хоп гэх урлаг дунд өссөн гэж хэлж болно. Аав маань Хип хоп Монголд орж ирж байх үе буюу “Алтан үе”-ийн хамтлагуудын нэг гэгддэг Эрх Чөлөө хамтлагийн гишүүн Батдэрэм гэж хүн бий. Тэр хүн намайг гурван настай байх үеэс л толгойд минь дюраг зүүлгэж, хөлд минь Timberland өмсгөн гангалдаг байлаа. Тиймээс би ухаан орох үеэсээ л Хип хоп, дуу хөгжим, дуу бичлэгийн студи зэргийг мэддэг болсон байх. Хип хоп гэх зүйлийг эрт оролдож эхэлсэн ч миний хийж буй хөгжим олонд хүрнэ гэж бодож байгаагүй. Өөртөө тийм ч итгэлтэй нэгэн байгаагүй. Гэвч гэр бүл минь надад итгэж, дэмждэг байсан.
-Солонгос улсад уран бүтээлээ хийж эхэлсэн шүү дээ. БНСУ-д гэр бүлээрээ амьдарч байсан хэрэг үү? Монголд ирж уран бүтээлээ хийх болсон шалтгаан юу байв?
-Ээж маань миний насан дээр л намайг төрүүлсэн. Хуулийн хүн. Мэргэжлээ дээшлүүлэхээр Солонгос улсыг зорьж дөрвөн настай би аавтайгаа хамт ээжийнхээ араас очиж байсан юм. Тэр үеэс хойш л гэр бүлээрээ Солонгос улсад суурьшсан гэх үү дээ. Гэхдээ Монголдоо ирж очин байцгаадаг. Би ч мөн жаахан байхаасаа аав ээж дээрээ очиж хэсэг хамт амьдраад буцаж эмээ өвөө дээрээ ирж Монголдоо сурах гэх мэтээр сурагч нас минь бага зэрэг тогтворгүй өнгөрсөн. Гэвч хүмүүжлийн хувьд ээж болон эмээ маань чанга, зарчимч хүмүүс учир дажгүй зөв нэгэн болж хүмүүжсэн гэж боддог. Мөн Солонгос болон Монгол сургуульд сурч байсан учраас дасан зохицох чадвар сайтай, олонтой харьцаж сурсан даа. Солонгос улсад байхдаа хэдэн хэдэн хамтрал, уран бүтээл гаргасан. Гэтэл Монголоос хүндэлж сонсдог хүмүүс маань холбогдоод хамтрах санал тавих болов. Тэр үеэс л намайг сонсох, хүлээлттэй байгаа хүмүүс байгаа юм байна гэх багахан итгэл төрж эхэлсэн. Тэгээд л гэр бүл болон хөгжмийн зохиолчоор сурч байсан сургуулиа орхиод хөгжим, уран бүтээл хийхээр Монголыг зорьж ирсэн. Хэдий гэр бүлээсээ хол ч гэсэн найз нөхөд, хамтарч ажилладаг, дэмждэг хүмүүстэйгээ хамт уран бүтээлээ хийх тухтай, түшигтэй байгаа.
-Солонгост хөгжмийн зохиолч мэргэжлээр сурч байгаад орхисон гэж ярилаа. Монголд мөн сурч байгаа шүү дээ ямар мэргэжлээр сурч байгаа вэ? Дээрх мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурч байгаа юу?
-Би Монголд тэс ондоо мэргэжлээр сурч байгаа. Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаад одоо төгсөх дөхөж байна. Магистраа эрх зүйч мэргэжлээр Солонгос улсад хамгаалах бодол бий. Би урлагийн хүн шүү дээ. Хувиараа онолоо судлаад практик дээр дадлагажаад явж болно. Харин надад урлагаас өөр хийж чаддаг, сайн мэддэг зүйл байх ёстой юм байна гэж бодсон учир дээрх мэргэжлийг сонгосон. Ээж минь ч мөн дээд боловсролтой, доктор хүн учир “Чи өөрийн болон аавынхаа хүслийн биелүүлээд урлагаар явж болно гэхдээ боловсролыг орхигдуулж болохгүй” гэж багаас минь ой тойнд суулгасан учир сурах үйлсийг орхигдуулахгүйг хичээдэг.
-Уран бүтээлүүд дээрээ хурц ширүүн, ихэмсэг Хип хопынхны хэлдгээр “Gang” харагддаг ярилцаад суухад их эвлэгхэн, зөөлөн характертай юм?
-Тийм шүү. Намайг сонсогчид болон хальт харсан хүмүүс хатуу, ширүүн, сэтгэлээр унадаггүй хүчтэй хүн гэж бодоод байдаг талтай. Харин ойр дотынхон минь бол маш зөөлөн, сэтгэл хөдлөл ихтэй, хэн нэгэнд аливаа нэг зүйлд хэт их сэтгэл гаргадаг гэж хэлдэг. Энэ чинь магтаал гэхээсээ илүү сул тал шүү дээ. Тэгэхээр өөрийн зарим зан чанаруудаа тэнцвэртэй байлгах гэж хичээх болсон.
-Хайр дурлалын тал дээр ч мөн ийм зан чанартай гэж ойлгож болох уу? Хэтэрхий хувийн шинжтэй асуулт байж мэдэх юм. Найз залуутай юу?
-Найз залуутай болсон боловч салсан. Заа ёстой бүх зүйлээ ярилаа даа. Цаг нь арай болоогүй байсан гэж боддог. Өөрийгөө гүйцэт таньж амжаагүй байж өрөөлийг ойлгож, хайрлаж, хүлцэнэ гэдэг “хайр” гэдэг үгнээс хавь илүү гүнзгий, хүнд асуудал юм байна л даа.
-Сайхан хариулт байна. Ярианаас нь айлын ууган охин гэж ойлгосон. Доороо хэдэн дүүтэй вэ? Насны зөрүү их үү?
-Зургаа болон арван хоёр насны зөрүүтэй хоёр дүүтэй. Аав ээж хоёр маань дүүг нялх байхад өвөө эмээд бид хоёрыг үлдээгээд Солонгос явж байсан юм. Дүүгээ асарч өсгөсөн гэж хэлж болно. Одоо бодоход өөрийгөө хойш тавьж дүү нартаа их ач холбогдол өгч сайн эгч байх гэж нэлээн хичээсэн санагддаг. Гэхдээ түүнийхээ үрийг хүртэж одоо хоёр дүү минь надад хамгийн их хань нөмөр болж дотор уужруулж сэтгэлийг минь цэлмүүлдэг юм.
-Олонд танигдаж, хүмүүс мэддэг болохын хэрээр шүүмжлэх, үгүйсгэх хүмүүс олон болж байгаа ажиглагддаг. Babynna-д энэ зүйл хэр их мэдрэгдэж, сэтгэлийг нь зовоож байна?
-Уран бүтээлээ олон нийтэд цацаж эхлэхтэй зэрэгцээд л доромжилж гутаадаг хүмүүс гарч ирсэн.Тэр дунд ул суурьтай, үндэслэлтэй шүүмжилдэг хүн байхгүй л дээ. Ихэнх нь Монголд эмэгтэйчүүдийг цензурддэг утгагүй шүүлтүүрээр шүүгээд үзэн яддаг гэх үү дээ. Эхлээд энэ зүйлд эмзэглэдэг л байлаа. Одоо бол дархлаажиж байгаа гэхдээ эмзэглэдэггүй гэсэн үг биш шүү. Зүрх цохилж л байгаа цагт ийм зүйл хэцүү тусдаг хэвээр л байна байх. Хичээл ном, уран бүтээл, бие болон дотоод сэтгэлдээ анхаарах гээд цаг зав бага учир ийм зүйлд хэт анхаарч сэтгэлээ шаналгахгүйг хичээж байгаа.
Харин өнөөдөр би алдаа гаргаж, хэцүү байдалд орж, эсвэл аашилж байгаа нь Хип хоп болон хүмүүжлээс болоод гэсэн үг биш. Хүн болгон алдаа гаргадаг шүү дээ. Тийм л зүйл гэж ойлгоосой гэж хүсдэг. Хип хоп соёлыг харлуулж бүү харлуулаасай бас миний хүмүүжлийг гутаахгүй байгаасай гэж л боддог юм. Цаана нь ганц би биш намайг өсгөсөн ээж аав, эмээ өвөө минь яригдаж байгаа учир шүү дээ.
-Монгол уран бүтээлээ хийхэд тухтай санагдаж байна гэж хэлсэн. Харин Солонгост багагүй хугацааг өнгөрүүлсэн хүний хувьд амьдрахад хэр тухтай байна?
-Монголын орчин нөхцөл, нийгмийн асуудлууд бол үнэхээр хүнд. Саяхан надад утааны эсрэг нэгдээд дуулаад өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Иймэрхүү зүйлд цааргалахгүй оролцож дуу хоолойгоо хүргэж байх юм шүү гэж боддог. Гэхдээ надад тэр санал ирэх үед эмзэглэл төрсөн. Аав маань 2000-аад оны үед Монголын нийгэмд бугшсан болж бүтэхгүй зүйлсийг үеийн залуустайгаа хамтран “Хонхны дуу” гэх бүтээлээрээ илэрхийлсэн байдаг. Гэтэл 20 гаруй өнгөрчхөөд байхад тэр асуудлууд нэмэгдэж томорсон уу гэхээс биш шийдэгдээгүй байна. Хэдий тийм ч хөгжмөөр хүнд хүрч байгаагийн хувьд чадах зүйлээрээ нийгэмдээ оролцоотой нэгэн байхыг хичээнэ.
– Ярилцсанд баярлалаа. Олон олон хүчтэй, чанартай уран бүтээл биднийг хүлээж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Сэтгэлээ уудлан ярилцсанд гүнээ талархъя
-Танд мөн баярлалаа. Дотоод хүнээ таны өмнө гаргаж ирээд энергиэ солилцох таатай байлаа. Бясалгал хийсэн мэт боллоо. Танд болон баг хамт олонд нь гэгээн бүхнийг хүсье.