Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр /2024.01.06/ болсон. Хуралдаанаар Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, “74 мянган тонн түлш түлдэг 2263 ААН байна. Энэ ААН-үүдэд маш их асуудал байна. Дуртай юмаа түлж байна. Ялангуяа энэ дугуй засварын газрууд, 100 айл орчимд химийн хортой юм түлж байна. Энэ дээр бид гол хяналт шалгалтаа хийх ёстой. Өнөөдөр энэ түлээд байгаа сайжруулсан түлшний чанарыг сайжруулахгүй бол нэг үгээр дүгнээд хэлэхэд, 2019 оны тэр түлж байсан сайжруулсан түлштэй харьцуулахад үнэхээр чанарын шаардлага хангахгүй түлш түлж байгаа нь энэ их агаарын бохирдлыг үүсгэж байна.
- Сайжруулсан түлшний чанар, стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх
- “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах,
- Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх,
- “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах,
- Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх, өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах, гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.