Монголын үндэсний олимпын хорооноос жил бүрийн 12 дугаар сард тухайн оныхоо спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно”-ын эздийг тодрууладаг уламжлалтай. Ингэхдээ Монгол улсын спортын сэтгүүл зүйд дагнан ажилладаг мэдээ, сурвалжлага, нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг сэтгүүлчдийн саналаар оны шилдгийг тодруулдаг. Уг арга хэмжээг МҮОХ-ноос 2003 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. Спортын сэтгүүлчдээс хамгийн өндөр санал авсан тамирчин шилдгээр нэрлэгддэг билээ.
2024 оны “Бөртэ чоно” наадам энэ пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү наадмын шилдэг тамирчинд “Парис 2024” олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, “Парис 2024” Олимпын шагналт V байрт шалгарсан П.Орхон, “Парис 2024” Олимпын наадамд эрхээ авч оролцсон дугуйн спортын төрлийн анхны монгол тамирчин болох С.Жамбалжамц, “Парис 2024” Олимпын хийн гар бууны дасгалд шигшээ 8-д шалгарсан Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин Э.Даваахүү, Гурван Олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй марафонч болох Б.Мөнхзаяа, “Парис 2024” Олимпын наадмын V байрт шалгарсан Монголын анхны эмэгтэй боксчин М.Энхжаргал, гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт гэрээ байгуулсан Монголын анхны эмэгтэй легионер тамирчин О.Хулан, “Парис 2024” Олимпын шагналт V байр Б.Хулан, “Парис 2024” Олимпын VII байр Л.Энхрийлэн, Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Г.Монголжин нарын тамирчид нэр дэвшиж байна.
Энэ жилийн хувьд “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын жил тохиосон. Мөн манай улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна өвлийн спортын залуу тамирчид өндөр амжилтыг тив дэлхий, ази, олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн билээ.