Засгийн газраас өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 22-ны өдөр “Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд байна.
Уг хуулийг 2023 оны долдугаар сард баталсан бөгөөд нийгэм, улс төрд үүсээд байгаа олон асуудлыг энэ хуулиар шийдвэрлэж, төрийн дээр нам гэсэн бүлэглэл, эрх ашгийн эрэмбийн ойлголтыг утсгаж, сонгодог зарчмаар улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулах, нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж улс төрчид, экспертүүд хэлж байсан.
Угаасаа энэ хууль ч батлагдах хүртлээ хоёр ч парламентийн нүүрийг үзэж, 10 орчим жилийн хүлээлт үүсгээд байсан юм.
Гэтэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн нь улс төрийн намууд шинэчлэл, өөрчлөлтийг хийх хүсэлгүй байгааг илтгэж байна.
Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд улс төрийн намуудыг энэ ондоо багтаагаад дүрэм, хөтөлбөр, зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Улсын дээд шүүхээр батлуулах ёстой гэж заасан.
Хуульд зааснаар намууд ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхээр батлуулах үүрэг хүлээж байгаа юм. Засгийн газар хуульд өөрчлөлт оруулж, намуудын дүрмээ батлуулах хугацааг хоёр жилээр хойшлуулах өөрчлөлтийг УИХ-аар батлуулахаар өргөн бариад буй нь энэ юм.
Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, “…Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.” хэмээх өөрчлөлтийг хийх хүсэлтэй байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улсын дээд шүүхэд нийт 37 улс төрийн нам бүртгэлтэй бөгөөд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд 22 нам эвсэл оролцсон. Эдгээр нам эвслүүдэд дүрэм, журмаа хуульд нийцүүлэн шинэчлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай.
Гэтэл хууль хэрэгжиж эхэлсэн он буюу 2024 оны 06 дугаар сард Улсын Их Хурлын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн жил таарсан нь улс төрийн намуудад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэд хэдэн хориглосон заалтыг зөрчих магадлал үүссэн тул улс төрийн намууд дүрэм, журмаа өөрчлөх талаар хэлэлцүүлэг, намын бүх шатны гишүүдийн шат шатны хурлуудаа хийж чадахгүйд хүрсэн.
Мөн Улс төрийн намууд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах, нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хурал, сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах, үүний дараа орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж дуустал аль нэг улс төрийн намуудад дүрэм, журмаа шинэ хуульд нийцүүлэх боломж, хугацаа байсангүй. Улс төрийн нам дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа намын бүх гишүүд, аймаг, нийслэлийн анхан шатны намууд хуралдах, сумын, аймгийн намын хорооны гишүүдээс санал авах, эцэст нь намууд их хурлаа хийж тэндээс батлагдсан дүрмийг Улсын дээд шүүхэд бүтгүүлэх юм. Энэ ажлуудыг зохион байгуулахад багагүй хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах үндэслэл болж байгаа аж.