Интермэд эмнэлгийг Москвад төвтэй “Space bears” бүлгэм хакердаж, бүх өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан талаар дотоод болон гадаадын хэвлэлүүд мэдээлсэн.
“Space bears” нь эрүүл мэндийн байгууллагуудын нууц, хувийн мэдээллийг хулгайлан эзэмшигч байгууллагаас их хэмжээний мөнгө шаарддаг бүлгэм юм байна. Интермэд эмнэлгээр үйлчлүүлэгчдийн мэдээллийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 50 мянган ам.доллароор борлуулж магадгүй гэж “HackManac”-аас мэдээлээд байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал өмнөх Засгийн газрын үед Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх чиглэл өгч “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг баталсан. Ингэснээрээ бүхий л эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийг нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой боллоо хэмээн бахархалтайгаар зарлаж байсан билээ.
Мэдээж тус салбар ийнхүү цахимжиж, иргэд бид шат шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хялбар болсон ч иргэд хувийн нууц, эмзэг мэдээллээ гадаад, дотоодын цахим халдлагын бүлгэмүүдэд алдах өндөр эрсдэл байгаагийн тод жишээ энэ боллоо.
Энэ асуудлын тухайд эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Кибер аюулгүй байдлын хувьд манай улс эрсдэлтэй нөхцөлд байгаа. 2021 оноос улсын хэмжээнд кибер аюулгүй байдал тал дээрээ онцгой анхаарал хандуулахгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахуйц эрсдэл үүсэх магадлалтайг сануулж ирсэн байдаг. Манай эрүүл мэндийн салбарын тухайд яаж өвчтөнүүдийнхээ мэдээллийг цахимаар солилцож, санхүүжилт, хүний нөөц зэргээ цахим болгох вэ гэдэг дээр анхаарч байна. Үүний кибер аюулгүй байдал талыг бол Цахим Хөгжил Инноваци Харилцаа Холбооны Яам хариуцаж байгаа”
Тэгвэл өнөөдөр эмийн жорыг эмч бичиж код олгон, түүнийх нь дагуу дурын нэг эмийн сангийн жор баригч кодоор нь тухай иргэний авах эмийн жагсаалтын дагуу эмийг олгодог болж байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Иргэн таны ямар төрлийн, ямар эм худалдан авч ууж байгаа талаарх мэдээлэл хамгаалагдсан уу гэдэг мөн л эргэлзээтэй байна.