Түүнийг Даваасүрэнгийн Тодням гэдэг. Солонгос улсад эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн менежмент чиглэлээр суралцаж ирсэн цагаасаа хойш Монголын эрүүл мэндийн салбарт дутагдаж байсан олон шинэлэг тусламж, үйлчилгээг нэвтрүүлсэн нэгэн.Эдгээрээс цухас дурдвал эх нярайн сувилал, хүүхдийн өсөлтийн клиник зэрэг юм. Бидэнд одоо ч шинэ соргог сонсогдож буй эдгээр эх,хүүхдийн тусламж үйлчилгээний газрууд үүд хаалгаа нээгээд хэдий нь 10 жилийг ардаа үдсэн байна.Түүний зорилго эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү их хүртээмжтэй, сонголттой, мөн тав тухтай болгох хэмээн яриан дундаа онцолсон юм.
СОЛОНГОС УЛСЫН ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН АНХНЫ ГАДААД ХҮН
Оюутан ахуй насанд солилцооны хөтөлбөрөөр Солонгос улсад суралцах боломж олдсон нь амьдрал, харах өнцөг, зорилго гээд бүх л зүйлд минь нөлөөлсөн. Тэр үед нэг багш маань надад “Чи Солонгост очоод усан онгоцны инженерээр сур чам шиг ийм бие хаа сайтай залуусыг дуртай авдаг, цалин нь ч их өндөр” гэж хэлж явуулсан юм. Ийм л тэнгэрийн мөрөөдөлтэй Солонгос улсад “газардсан”.Ямар юмных нь усан онгоцны инженер байх вэ, мань мэт шиг хэл үсгүй гадаад оюутныг авдаггүй болж таарсан. Тийм л мэдээлэл, ойлголт дутмаг үе байлаа шүү дээ. Би бодож байгаад эмнэлгийн удирдлагын ангид орохоор шийдсэн юм. Ах маань эмч мэргэжилтэй учир ойр санагдсан байх л даа. Гэтэл сургалтын захиргаанаас дуудаад чамайг энэ мэргэжлээр суралцуулах боломжгүй. Гадаад оюутнуудыг энэ мэргэжлээр элсүүлдэггүй юм. Солонгос хэлээ дөнгөж сурч байгаа гадаад оюутнууд анагаахын академик түвшний хичээл үзнэ гэдэг бүтэшгүй зүйл ухааны юм хэллээ. Намайг сурч байх үед нэг хичээл дээр F үнэлгээ авбал оюутны визийг сунгадаггүй байсан. Тиймээс намайг бодсон хэрэг л дээ. Өөр мэргэжлүүд санал болгосон ч эмнэлгийн удирдлагаараа сурна аа л гээд гүрийгээд байсан. Зааж байгаа хичээлийг нь огт ойлгохгүй хэцүү үеүд байсан хэдий ч тэр бүрд бууж өгье гэж биш, илүү их хичээе гэж л боддог байлаа. Энэ бодлынхоо ачаар л сонгосон мэргэжлийнхээ улсын шалгалт буюу лицензийн шалгалтад тэнцэж тэр бүү хэл Солонгос улсын эмнэлэг эрүүл мэндийн шалгалтад тэнцсэн анхны гадаад хүн болж байлаа.
ЭХ, ХҮҮХЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БОЛСОН ШАЛТГААН МААНЬ ГЭР БҮЛИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ
Манай ээж таван хүү төрүүлсэн алдарт эх мөн дархан бэр хүн бий. Би өөрөө ч дөрвөн хүүхдийн эцэг. Тиймээс эх, хүүхдүүдэд тулгамддаг асуудлыг мэддэг бас шийдвэрлэхийг хүсдэг байсан гэх үү дээ. Бидний байгаа энэ газар бол Тод Эйч хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг. Монголын анхны өсөлтийн клиник эмнэлэг гэдгээрээ онцлог. Эмнэлгээ 2014 онд анх байгуулахад иргэд төдийгүй эмч, эрүүл мэндийн салбарынхан ч энэ талаар ойлголтгүй байлаа. Өсөлтийн эмнэлэг гэхээр юу гэсэн үг юм. Өсөлт чинь өвчин болж таарав уу? өсөлтийг эмчлэх юм уу? гэж асуудаг байсан бол одоо иргэд, эрүүл мэндийн салбарынхан сайн мэддэг болсон байна.Мэдээж өдөр тутмын xүүxдүүдэд тулгардаг xаниад, шууxнаа, гүйлгэлт, суулгалт xүүxдүүдийн энгийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гэxдээ манай эмнэлгийн гол үйл ажиллагаа xүүxдийн өсөлтийн xоцрогдлыг арилгаx, xүүxдийг өндөр болгоx чиглэлийн цогц оношилгоонуудыг xийж, оношилгооны xариун дээр тулгуурлан xүүxдийн өсөлтийг дэмжиx эмийн болон эмийн бус эмчилгээнүүд xийх юм. Өсөлт гэдэг чинь өсөлтийн, бамбайн, бэлгийн гэx мэт даавруудын үйл ажиллагаатай салшгүй xолбоотой. Эдгээр даавруудтай xолбоотой янз бүрийн синдромууд, удамшлын гаралтай өвчнүүд бий. Гэтэл ямар нэгэн өвчний шалтгаангүй амьдралын буруу xэв маяг нойр, стресс, дасгал xөдөлгөөн, шим тэжээлийн дутагдал зэргээс үүдээд 180 см хүртэл өсөх нөөцтэй хүүхэд 170 см болчихвол xарамсалтай биз дээ. Тиймээс эдгээрийг л оношилж шаардлагатай эмчилгээнүүдийг хийх юм. Жишээ нь манай эмнэлэг 2018 оноос хойш дааврын эмчилгээ буюу өсөлтийн дааврыг гаднаас нь тарьдаг эмчилгээ байгаа.
ИРГЭД ДААТГАЛААРАА ХҮССЭН ЭМНЭЛЭГТЭЭ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛОХ ЁСТОЙ
Сүүлийн үед байгуулагдаж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүд тоног, төхөөрөмж хүчин чадал, тав тухтай бадал, аюулгүй орчныг бүрдүүлсэн байдлын хувьд ярих зүйлгүй болсон. Ямар ч улсын гадна дотнын төлөөлөгч, зочид ирэхэд нүүр улайхааргүй гэх үү дээ. Жишээ нь манай эмнэлэгт гадна дотноос туршлага солилцох зорилгоор мэргэжилтнүүд ирээд ямар гоё юм бэ, манай эмнэлэгт ашигладаг бүр тэрнээс ч илүү систем, тоног төхөөрөмжийг энд ашиглаж байна шүү дээ гэж шогширдог. Харамсалтай гэх юм уу нэг дутагдалтай зүйл байгаа нь Монголын эрүүл мэндийн салбар хуучны систем, зохион байгуулалтаасаа салж чадахгүй байна.Яагаад хүн өөрийн цалин хөлс, хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө даатгал төлж байж хүссэн эмнэлэгтээ очоод үйлчлүүлж болохгүй гэж. Даатгалаар зөвхөн хороо, дүүрэг, улсын эмнэлэгт л үйлчлүүлж байна шүү дээ. Хувийн тав тухтай үйлчилгээ сайтай эмнэлэгт очихоор даатгал үйлчлэхгүй та мөнгөө төл гэдэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалаар авч болох тусламж үйлчилгээний хүртээмжийн цар хүрээ ийм бага байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй улсын хувийн ямар ч эмнэлэгт сонгоод очиход тэнд эрүүл мэндийн даатгалаар л үйлчилдэг болмоор байна. Ингэснээр энэ олон эмнэлгүүд зах зээл дээр ижил гараанаас өрсөлдөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар ч дагаад сайжрах болно.