Монгол улсад номын баярыг намар, хаврын улиралд тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тус баярыг сүүлийн жилүүдэд алгасалгүй зорин очиж, номын ертөнцөөр амьсгалдаг нийслэлчүүдийн тоо өсөн нэмэгдсэн. Гэхдээ худалдаж авсан номоо бараг уншдаггүй байж, номын сан нь дүүрчихсэн байдаг. Номын баярыг зорин очоод байдаг хэрнээ уншсан ном тун цөөн хэмээн хошигнох хүмүүс ч бий.
Ном шимтэн уншиж, өдрийн тогтмол цагийг өөртөө зориулдаг
уншигч хүүхдийн тоо нэмэгджээ
Томчууд бид нүдэнд ил харагдсанаараа аливаа зүйлийг өнгөц дүгнэдэг талтай. Одоо цагийн хүүхэд, залуус ном бага уншиж, уран зохиолын хичээлд үл дурламтгай болжээ гэж хардаг. Тэгвэл бид хүүхэд багачууд номонд хэрхэн дурлаж байна. Мөн өдөртөө Улаанбаатар хотын төв номын санг хэдэн уншигч хүүхэд зорин очдог талаар мэдээлэл бэлтгэхээр тус байгууллагыг зорилоо.
Тус номын сангийн Хүүхдийн номын сан 8000 гаруй номын фондтой. Мөн бага насны хүүхдүүдэд тэр дундаа цэцэрлэгийн ахлах ангиас сургуулийн босгоор алхан орох гэж буй 5 настнуудад зориулан олон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Тэр бүр нүдний өмнө анзаарагдаад байдаггүй хэрнээ ухаалаг утас, дэлгэцний хамаарлаас холдон өдөр бүр номын санг зорин очдог уншигч хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдсэнийг Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн номын санч Э.Алтанзул хэлж байлаа.
-Сайн байна уу? Хүүхэд багачуудыг номонд дурлуулахын төлөө олон сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нь сонирхол татлаа?
-Манай номын сангаас тогтмол явуулдаг олон хөтөлбөр бий. Эдгээрийн нэг нь “Номын жим” юм. Мөн сүүлийн нэг жил “Үлгэрээр сэтгэл заслын хөтөлбөр” гэж явуулж байна. Тодруулбал манай номын сангийн зүгээс Сэтгэлзүйчтэй хамтраад 5-10 насны хүүхдүүдэд зориулан “Үлгэрийн сэтгэл заслын хичээл” гэж явуулдаг. 10 дугаар сараас “Бүүк арт” буюу уран зургаар хүүхдүүдийг үлгэрт мөн номонд дуртай болгохоор үлгэрийг уран зурагтай хослуулсан сургалтыг 5-10 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа. Эдгээр хөтөлбөрүүд хүүхэд багачуудын сонирхлыг маш ихээр татдаг. Цэцэрлэгийн насны хүүхэд багачууд ангийн багш нартайгаа зорин ирж номын сангийн үйл ажиллагаатай танилцахаас гадна энэ хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагддаг.
-Үлгэрийн аргаар ном уншсан хүүхдийн сэтгэлийг засна гэдэг нь тун чухал хөтөлбөр байна. Хэдий хэр хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ?
-Энэ маш гоё хөтөлбөр. Бидний зүгээс Сэтгэлзүйч С.Хулан, Зураач Н.Баярмаа нартай хамтраад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байна. Хүүхэд уншсан үлгэрийн номныхоо дагуу ойлгож, таньж мэдэж авснаа зургийн аргаар илэрхийлэн зурдаг. Хүүхдүүдийн зурсан зургийг сэтгэлзүйч маань үзээд тухайн хүүхдийн сэтгэлзүйг юу юун дээр нь анхаарах, ямар зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажилладаг гэсэн үг. Энэ нь хоёр жилийн хугацаанд маш үр дүнгээ өгч буй хөтөлбөр юм. Мөн зураачтайгаа хамтран ажилласнаар хүүхдүүд уншсан номныхоо үйл явдлыг зургаар илэрхийлдэг. Ингэснээр тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдэг. Хүүхдүүд номын санд зөвхөн хичээлээ хийх бус өөр олон сонирхол татсан, номонд дурлах түлхэц өгсөн хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлдэг гэсэн үйл ажиллагааг бид ойлгуулахыг зорьдог.
“Үлгэрийн цаг” дээр үлгэр уншиж өгөхөөс гадна бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлдэг. Анх хөтөлбөрт маань цөөн хүүхэд хамрагддаг байсан бол одоо 15-20 болж нэмэгдсэн. Зарим цэцэрлэгийн удирдлагууд ч номоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгон нягт хамтран ажилладагт таатай байна.
Улаанбаатар төв номын сангийн зүгээс хүүхэд багачуудад зориулан “Номын жим”, “Үлгэрийн сэтгэл заслын хичээл” зэрэг
олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг
-Танай номын сангийн хүүхдийн танхим хэдэн номын фондтой вэ?
-Хүүхдийн уншлагын танхим маань 8000 гаруй номтой. Орос, англи, солонгос, монгол хэл дээр номнууд бий. Хүүхдүүд шинжлэх ухаан, танин мэдэхүйн номыг илүү түлхүү сонирхон уншдаг. Хүүхдийн уншлагын танхим 30 хүүхдийн суудалтай. Зарим өдөр 100 хувийн дүүргэлттэй байдаг. Онцлоод хэлэхэд хүүхэд багачуудын ном уших, номонд дурлах нь өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.
Нэмээд хэлэхэд “гэр бүлийн уншлагын танхим”-тай учраас амралтын өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ зорин ирдэг. Ах, эгч нар нь номоо уншаад сууж байхад дүү нар нь “үлгэрийн цаг”-ийг сонсоод хоорондоо тоглодог.
5 дугаар ангийн сурагч Д.Удвал: Номоор дамжуулан бусадтай хэрхэн зөв харилцах талаар их зүйл сурч мэдэж авдаг.
Номын санд орж ирчихээд, эхлээд хийж дуусгаагүй гэрийн даалгавраа хийж дуусгаад, үлдсэн цаг гарвал тэр цагаараа ном уншдаг. Ном уншихаар тийм нэг гоё ямар нэгэн тийм гоё сургамж авдаг. Жишээлбэл нэг хүний тухай бичсэн ном байна гэж бодоё л доо. Тэгэхээр тэр хүний алдаанаас хараад хүн алдаж болохгүй юм байна гэдгийг мэдэж авдаг.
Тэгээд бас ном уншаад дотроо төсөөлчихөөр “яг ингээд кино шиг” байдаг. Бараг үнэгүй кино үзэж байгаа мэт маш гоё байдаг. Жишээ нь би энэ “Охидын өдрийн тэмдэглэл” номыг уншаад энэ ном надад их хэрэг болж байгаа. Найз нөхөдтэйгээ хэрхэн зөв харилцах, бусдадаа яаж зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ гэдэг нь энэ номон дээр байдаг. Бусадтай хэрхэн зөв харилцахыг энэ номон дээр заадаг учраас би номонд их дуртай болчихсон. Ном уншвал толгой маш их сэргэдэг. Ямар нэгэн байдлаар хүний ухаан нь нэмэгдээд байгаа юм шиг. Би сургуульдаа очоод анги руугаа ороод хичээлээ хийхэд улам сайжраад байгаа санагддаг даа. Мөн түүхийн ном сонирхож уншдаг. Би бүр бага ангиасаа гэх үү, тасралтгүй олон жил энэ номын санг зорин ирдэг, тогтмол уншигчдын нэг.
Сүүлийн үед хүүхэд, залуус сонирхсон сэдвийнхээ дагуу ном их уншдаг болжээ. Тухайлбал шинжлэх ухаан, танин мэдэхүй, зөв үлгэр дуурайлал авах сургамжит бүтээлүүд их уншдаг болсныг номын санч тодотгож байлаа.
9 дүгээр ангийн сурагч У.Дэлгэржаргал
Миний хувьд автомашин, техник технологид дуртай. Манай найз програмчлал, кодлолын номонд дуртай. Бид сонирхож байгаа дуртай зүйлээрээ л ном уншдаг. Амралтын өдөр номын санд завтай үеэрээ ирж 1-2 цаг суучихдаг.
Намайг бага байхад манай аав, ээж хоёр ном сайн уншиж бай гэж хэлдэг байсныг би одоо л ойлгож байна. Ном уншихаар илүү их үгийн баялагтай болж, мөн ярианы баялаг сайтай болгодог. Томчууд биднийг ном уншдаггүй гэдэг өнцгөөр их хардаг. Харин бидний үеийн хүүхдүүд ном их уншиж, их дурладаг болсон. Нүдэнд ил харагддаггүй боловч ойр тойрны найз нөхөд, сургуулийнхан маань бүгд л ном сайн уншдаг даа.
Ярилцсанд баярлалаа.