-Үүнд сайн төлөвлөлт төлөвлөгөө, орон нутгийн удирдлага, захиргааны дэмжлэг чухал. Энэ уялдаа холбоог бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Аймгийн ИТХ-ын түвшинд сайн ажиллаж чадна гэж бодож байна-
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Дэлгэрэх суманд МАН-аас нэр дэвшиж буй Халтарын Эрдэнэболдтой ярилцлаа. Түүнийг чих, хамар хоолойн мэс заслыг орон нутагт нэвтрүүлсэн шилдэг эмч гэдгээр нь аймгийнхан болон салбарынхан нь сайн мэдэх болжээ. Харин энэ удаад түүний шинэ зорилгын талаар таниулахыг зорилоо.
-Халтарын Эрдэнэболд гэдэг нэрийг энэ жил их л олон дуудуулах нь дээ. Аймгийн шилдэг эмч, Монгол Улсын шилдэг эмч гээд дарааллан шилдгээр өргөмжлөгдсөн залуу эмч өнөөдөр Дорноговь аймгийнхаа ИТХ-д нэр дэвшиж, олон нийтийн төлөө өөр талбарт дуу хоолой болон ажиллахаар шийджээ. Энэ хүртэлх намтар, замнал тийм ч нимгэнгүй бололтой?
-Би Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрж өсөн бага насаа сумандаа өнгөрүүлж, аймгийнхаа МСҮТ, мөн аймагтаа АШУҮИС харъяа Дорноговийн Анагаах Ухааны Их Сургуулийг эхлээд бага эмч, сувилагч мэргэжлээр, дараа нь хүний их эмчээр суралцан төгсөөд өнөөдрийг хүртэл төрөлх нутагтаа ажиллаж амьдарч байгаа товчхон намтартай хүн. Дорноговь аймгийн Өргөн суманд багийн эмчээр ажлын гараагаа эхлүүлж, 2009-2013 онд их эмчээр суралцан төгссөнийхөө дараа Зүүнбаян сумын сум дундын эмнэлэгт хоёр жил ажилласан. Чих, хамар хоолойн эмчийн хувьд 2015-2017 онд ЭМЖЖ эмнэлэгт чих, хамар хоолойн мэс заслын эмчийн мэргэшил олгох курст Монгол Улсын гавьяат эмч Э.Жаргалхүү багшийнхаа удирдлагад суралцан төгсөж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ ажиллаж байна. Чих, хамар хоолойн мэс заслын эмчээр ажиллаж, одоо ч суралцаж дуусаагүй явна.
– Монголын Чих, хамар хоолойн эмч нарын нийгэмлэгээс энэ жилийн “Шилдэг эмч”-ээр шалгаруулсан нь санамсаргүй хэрэг биш байж таарна. Мэргэжлийн байгууллагын үнэлгээ, шалгаруулалт гэдэг маш нарийн няхуур зүйл. Салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн энэ үнэлэмж чухам юунд үндэслэсэн бол?
–Дорноговь аймагт маань чих, хамар хоолойн мэс заслын тусламж үйлчилгээ сүүлийн 20-30 жилд тасарчихсан байсан. Би энэ төрлийн мэс заслаар мэргэшин ажиллах болсноор улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг чих, хамар хоолойн мэс заслын эмчилгээнүүдийг орон нутагтаа өөрийн чадах чинээгээрээ нутагшуулж яваа. Орон нутагтаа аймаг маань анхдагч болж байна. Одоогийн байдлаар 1200 гаруй хагалгаа, тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Хоёрдугаарт, хамрын дурангийн мэс засал, түүнчлэн орчин үеийн хандлагад нийцүүлэн хамрын гоо сайхны мэс заслыг 2024 онд орон нутагт нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж “Шилдэг эмч” шагналыг олгосон болов уу.
-Мэргэжлийн хувьд улсын хэмжээнд салбартаа хүлээн зөвшөөрөгдөн шилдэг эмчээр шалгарсан нь урам зориг дагуулж буй байх?
Энэ шагналыг би ганцаараа явж гардаж авсан боловч энэ хүртэл би ганцаараа зүтгэсэн хэрэг огт биш юм. Миний ард манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон, мэс заслын тасгийн бүх эмч сувилагч нарын маань хөдөлмөр, ажлын үр дүн бий. Шагнал гардан авахад тэр олон эмч нарын өмнө “Дорноговь аймгийн эмч” гэж дуудуулах үнэхээр сайхан байлаа. Надад урам зориг өгч, цаашид шинээр эмчилгээнд нэвтрүүлэхийг зорьж төлөвлөсөн зүйлсдээ улам бүр итгэх итгэлийг өглөө. Миний хувьд чихний дэлбэн засах зэрэг нарийн мэс заслыг аймагтаа нэвтрүүлнэ гэж бодож байгаа.
-Ажил мэргэжил дээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байр сууриа олоод ирэхээр орон нутгийн шилдэг мэргэжилтнүүд нутаг орныхоо төлөө гэдэг санаа зорилготой болж, “үүнийг л хийчих юмсан” гэх хувийн үзэл бодол, санаа зовинолтой болж эхэлдэг. Танд хэдийнээс ийм бодол төрж эхэлсэн бэ?
–Хүн өнөөдөр нэг зүйл хийхдээ л маргааш арай илүүг хийчих юм сан гэж шат шатаар өөрийгөө дээшлүүлдэг. Улсын хэмжээний гуравдугаар шатлалын эмнэлэгт миний үеийн эмч нар хийж байгаа хагалгааг би өөрөө орон нутагтаа яагаад хийж болохгүй гэж. Нэг л сургууль төгсөж, нэг л багшийн гараар орсон хүмүүс. Тэнд хийж болж байхад энд бид хийж яагаад чадахгүй, хүмүүсийг хот руу явуулж чирэгдүүлж байна вэ гэж бодоход хүрдэг. Ажил, мэргэжлийнхээ хувьд ийм бодолтой л ажиллаж ирсэн. Өнөөдөр Дорноговь аймгийн ИТХ-д МАН-аас итгэл хүлээлгэн нэр дэвшүүлэхэд чухам ийм л бодол зарчмаар өөртөө хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан. Миний хувьд эрүүл мэндийн салбарт төдийлөн олон жил ажиллаагүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улам сайжруулан хөгжүүлье, тэр дундаа нэр дэвшиж буй төрөлх Дэлгэрэх сумынхаа эмнэлгийг илүү бэхжүүлье гэсэн бодолтой байна. Хүний хамгийн нэгдүгээр асуудал бол эрүүл мэнд байдаг. Эрүүл байж ихийг хийж бүтээж чадна. Эрүүл байхын тулд эмнэлгийн тоног төхөөрөмж маань сайн, мэргэжилтэн, хүний нөөц маань сайн байх ёстой гэдэг үүднээс ажиллана. Сумдын эмнэлгээр үзлэг оношилгоо хийгээд явж байхад хүн ам, тэр дундаа хүүхдийн дунд чих, хамар хоолой, шүдний өвчлөл нэлээн зонхилдог. Тийм болохоор сумын эмнэлгийг шүдний эмч, кабинеттэй болгох, шинээр төгсөж буй эмч нарыг нарийн мэргэшлээр сургаж гэрээтэй ажиллахад анхаарна гэж бодож байна. Хөдөөгийн малчид тэр бүр мал хуйгаа орхиод төв рүү орж ирж эмнэлэгт үзүүлж чаддаггүй. Бид тоног төхөөрөмжөө аваад тэднийг зорьж очиж эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, оношилгоо үзлэг хийдэг нь орон нутгийн онцлог. Үүнд илүү олон малчин өрхийг хамруулах, чанар хүртээмжийг илүү сайжруулах шаардлага бий.
-Бага насаа өнгөрүүлсэн Дэлгэрэх суманд таны хамаг гэгээн дурсамжууд үлдсэн байдаг байх?
-Өнөөдөр ч ээж, аав хоёр маань Дэлгэрэх сумандаа амьдарч суугаа. Аав минь насаараа сумын эмнэлэгтээ ажилласан хүний их эмч хүн. Би багаасаа л аавыгаа дагаж дуудлаганд хамт явж өссөн, тэр үеэсээ л эмч болно гэдэг зорилго өмнөө тавьсан хүн. Аавынхаа мэргэжлийг өвлөж, өнөөдөр “Халтар эмчийн хүү” гэдэг хамгийн том алдрыг нэр төртэй авч явах юм шүү гэж хичээж явна. Өнгөрсөн 2023 онд “Аймгийн шилдэг эмч” болж, аймгийн төвд хурлын том танхим дүүрэн цагаан халаадтай эмч нарын өмнө аавынхаа нэрийг дуудуулахдаа тэр дунд сууж байгаа аав, ээж хоёрынхоо ачийг бага ч болов хариулж байна гэж бодох, баярлах, аавыгаа тайзанд урьж талархлаа илэрхийлэх л амьдралын маань хамгийн сайхан мөч байсан. Ээж минь мөн л насаараа сумын эмнэлгийн гал тогооноос эхлээд л олон ажил хийж, сумын эмчийн ар тал болж амьдарсан хүн. Өнөөдөр миний хань мөн л аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагчаар ажиллахын хажуугаар намайг тулж дэмжиж өнөөдрийн зэрэгт хүргэсэн найдвартай ар тал минь юм. Ханьдаа мөн их баярладаг. Бид хоёр нэг сургуульд бага эмч, сувилагчаар хамтдаа суралцан төгссөн юм. Өөрөө цаашаа суралцаж болох байсан ч намайг дэмжсэн хүн.
Дэлгэрэх суманд бага нас маань хөрзөн түлээ бэлтгэх, оройдоо түлшээ базааж гэрээ галлахаас эхлээд л тэр үеийн хүүхдүүдийн адил амьдрал дунд өнгөрсөн бол өнөөдөр Дорноговь аймгийн бүх сумд төвлөрсөн цахилгаан, халуун ус, шугаманд холбогдчихлоо.
Одоо бол сумын айлууд гэртээ дулааны шугам оруулаад халаалт дулаанаа шийдэж, төвийн орон сууцны айл шиг амьдрах бололцоо бүрдэнэ гэдэг дэвшил юм. Энэ маань бусад аймгуудаа бодвол хөгжлөөр нэг алхам тэргүүлж яваа үзүүлэлт болов уу. Аймаг маань сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн хөгжиж байна. Бага гэлтгүй өөрийн хувь нэмрээ оруулж, аймаг сумын иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах урам зориг бас төрж байна.
-МАН-аас орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Дорноговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлогыг тусгасан байна. Тэдгээрээс таны хувьд давын өмнө хийж хэрэгжүүлж чадах, санасан төлөвлөсөн ажлуудтай тань нийцэж буй зорилго бас байгаа байх?
“Тогтвортой бодлого тасралтгүй хөгжил” мөрийн хөтөлбөрөөр энэ удаагийн сонгуульд оролцож байна. Өмнө хэрэгжсэн “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлууд ихэнх нь шийдэгдсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд өвдөг, түнхний үе солих хагалгааг эхлүүлж байна. Гэмтэл, мэс заслын эмч нар маань энэ чиглэлийг түлхүү хөгжүүлснээр иргэд хот руу явах зардал чирэгдэлгүй болно, хагалгааны дараах эдгэрэл, эмчилгээ сувилгаанд ч сайн нөлөөтэй. Мөн орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нэмж суурилуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмч ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Дорноговийн Анагаах Ухааны Их сургуулийг бэхжүүлэх гээд олон зорилтууд мөрийн хөтөлбөрт тусгагдсан нь бид өөрсдийн нөөцөөр аймагтаа шийдвэрлэх бүрэн бололцоотой. Үүнд сайн төлөвлөлт төлөвлөгөө, орон нутгийн удирдлага, захиргааны дэмжлэг чухал. Энэ уялдаа холбоог бий болгож, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Аймгийн ИТХ-ын түвшинд сайн ажиллаж чадна гэж бодож байна.
-Дорноговь аймаг эрчимтэй хөгжиж байна. Хүнд үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрүүд босно. Үүнийг дагаад хүн амын суурьшил нэмэгдэх нь тодорхой байна. Тэдэнд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлийг яаж өргөжүүлэх шаардлагатай вэ. Энэ хөгжлийг угтуулсан ямар ажлуудыг хийх хэрэгтэй вэ?
–Уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндийн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд үргэлж анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайд яаралтай тусламжийн болон гэмтлийн эмч нарыг түлхүү ажиллуулах хэрэгтэй. Мэргэжлээс шалтгаалах өвчлөлд мөн анхаарах нь чухал. Тийм учраас эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд анхаарч, АШУҮИС-ийн харьяа Дорноговийн Анагаах Ухааны Их Сургуулийг бодлогоор дэмжих хөтөлбөртэй байгаа. Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хангадаг чухал сургууль. Эндээ анагаахын их сургуульд нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх бололцоотой. Өнөөдөр тус сургуульд бага эмч, сувилагч, лаборант, уламжлалтын эмч нарыг бэлтгэж байна. Нарийн мэргэжлийн эмч бэлтгэхийн тулд багшлах эмч мэргэжилтнүүд мөн чухал. Манайд гаднаас мундаг эмч нар ирж ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар мөн анагаахын дээддээ багшилж байна. Гэмтэл, мэс засал, чих хамар хоолой, арьсны эмч нар цагийн багш хийдэг. Миний хувьд мөн адил. Өөрийн сурч төгссөн сургуульдаа хувь нэмрээ оруулж, мэдсэн сурснаа хуваалцья гэж боддог. Тухайн эмч нар маань мэргэжлийнхээ хувьд нэлээн сайн байж оюутанд зааж сургана. Тэгэхээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг гадаад, дотоод сайн сургаж бэлтгэж, чадавхжуулсны үндсэн дээр аймагтаа нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэг болно.
– Эмч болсноор танд дагаж ирсэн үнэт зүйл юу вэ?
–Амьдралдаа цагийн юмыг цагт нь хий гэдэг зарчим баримталдаг. Өнөөдөр амлачихаад маргааш нь утсаа авахгүй алга болж болохгүй. Ямар ч хагалгааг эргэж хүндрэл гарахгүйгээр тултал хийх. Дутуу юм үлдээж болохгүй. Цаана нь гартал хийж байж ард нь үр дүн гарна гэдэг зарчим суулгасан. Аливаа юм санаснаар 100 хувь болно гэж үгүй.
Өвчтөнөө хагалгааны дараа хүндрэл өгсөн үед их шанална. Хамгийн түрүүнд багш нараасаа зөвлөгөө авна. Гэртээ байхдаа байнга бодно. Өдөр бүр шинжилгээ авч харна. Сайжрахад баярлана. Эмч хүний хамгийн сайхан мөч “Баярлалаа эмч ээ” гэдэг үг сонсох. Цаашид эрүүл мэндийн салбартаа төдийгүй нийгмийн салбарт үр нөлөөтэй ажиллахыг хичээж зорьж байна.