Цогнэмэх 21 настайгаасаа дэлхийд танигдсан компанийн маркетингийн менежерийн албыг хашиж 24 насандаа М-Си-ЭС Кока-Кола ХХК-ийн борлуулалт хариуцсан захирлаар томилогдож байжээ. Энэ мэтээр олон томоохон компаниудыг удирдан чиглүүлж амжилтын үзүүрээс атгуулсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр аливаа ажлыг зөв голдиролд оруулах, хэрхэн үр ашигтай ажиллах тал дээр гаршсан нэгэн бөгөөд энэ удаад хэдий нь гажуудсан төрөлх хотоо зөв голдиролд оруулах чин хүсэлтэйгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд байна.
ХҮҮХЭД НАСНЫ МИНЬ ДУРСАМЖИД АЮУЛГҮЙ, ЦЭВЭРХЭН УЛААНБААТАР ХОТ БИЙ
Намайг Галнэмэхийн Цогнэмэх гэдэг. Би 1977 оны 3-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Бага нас, оюутан бүх л цаг үед энэ хотдоо амьдарч байна. Сүүлийн 47 жилийн энэ хотын түүхийг өөрийн нүдээрээ харсан, мэдэж байгаа ийм л хүн. Би айлын том хүүхэд. 1 настайгаасаа 8 нас хүртлээ хөгшин ээжтэйгээ 7 буудалд хамт амьдарсан. 1-р ангид байхаасаа 7 буудлаас Үйлдвэр лүү буюу 18-р сургууль руу ганцаараа автобусаар явдаг байлаа. Одоо бол зөндөө олон цагийн ажил юм шиг санагдаж байгаа байх тэр үедээ экспресс автобусаар 30 минутад л явж ирдэг байсан. Одоо 7 настай хүүхдийг автобусанд суулгаад ганцааранг нь 10 гаруй километр явуулна гэдэг боломжгүй зүйл болсон.
21 НАСАНДАА ДЭЛХИЙД ТАНИГДСАН КОМПАНИАС АЖЛЫН ГАРААГАА ЭХЭЛСЭН
ШУТИС-д маркетингийн менежмент мэргэжлээр суралцдаг байсан. Тэр үед Америкийн профессоруудын сургуулийн номууд дээр хамгийн түгээмэл тааралддаг кейсүүдийн нэг нь Проктер энл Гэмбл компанийн жишээ байдаг. Тэр компани маань Монголд салбараа нээгээд ажилтан авч байна гэхээр нь уухайн тас очоод анкетаа өгөөд хүлээсэн. 2,3 сар хүлээсэн. Гэтэл яг дипломоо хамгаалах өдөр тухайн компани маань намаг ажилд авъя, чиглүүлэх сургалтад гадаад улс руу явж орох нь байна гээд диплом хамгаалахаа хойшлуулсан. Яг тэр өдрөө ажилдаа орсон 1998 оны 12 сарын 17-ны өдөр байсан. Эм Си Эс групп 2001 онд Кока Кола компанитай франчайз, Монголд савлах гэрээ байгуулсан. Энэ үед анхных нь борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байлаа. М-Си-Эс групп-д үргэлжлүүлэн 2010 он хүртэл ажилласан. Анунгоо ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2 жил ажилласан. Анун компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Мебелийн бизнес хийж байсан гэсэн үг. Тэр үедээ М-Си-Эс дистрибюшн гэдэг компани байгуулаад 2007-2010 онд гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Энэ үедээ Мадридын IE Business school-д олон улсын бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. 2010 онд М-Си-Эс группээс гараад уул уурхайн том төсөл дээр ажилласан тэр нь Тэнгри ресурс гэдэг компани. Уг компанид бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ компанид ажилласнаараа маш их бахархаж явдаг. Үүнээс хойш 2-3 компанид мөн л гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.
ХҮН ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ АЛДААГ ГАРГАДАГ
Өөрийн карьерын эд өсөлттэй байх үед нь нэг компанийн ажиллах саналыг авсан. Тухайн үед Монголдоо нэлээн томд тооцогддог компанийн Холдинг компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллах санал. Энийгээ би амьдралынхаа хамгийн уналттай үе гэж боддог. Яагаад вэ гэхээр маш нэрд гарсан компани нь намайг ажиллахаар очиход цаасан дээр байгуулагдсан хоосон компани байсан.Тэр компанийг бий болгосон. 40 гаруй хүнтэй өөрийнхөө багийг бүрдүүлсэн. Санаа зовсондоо ажилчдаа цалинтай байлгах гээд хадгаламжаасаа мөнгө аваад цалинг нь хүртэл тавьдаг байсан. Энэ бол менежер хүний хувьд уналтын үе гэж боддог. Өөрөө гэрээ байгуулахдаа гэрээнийхээ зүйл заалт бүрийг тал талаас нь уншиж судалж эрхзүйн талаасаа ямар үр дагавартай вэ гэдгийг бүгдийг нь тооцоолдог мөртөө өөрийнхөө хөдөлмөрийн гэрээнд огт анхаараагүй. “Май энэ дээр гарын үсгээ зур” гэхээр нь зураад л өгчихсөн. Тэр хөдөлмөрийн гэрээ нь дараа нь шүүх дээр очиход шууд ялагдах нөхцөлтэй тийм хөдөлмөрийн гэрээ болж таарсан. Хөгширсөн хойноо ном бичих боломж олдвол энэ үеийнхээ талаар номынхоо нэг бүлэгт тодорхой бичнэ гэж боддог. Залууст тэр дундаа залуу менежерүүдэд сургамж болох байх.
МЕТРО ГЭХЭЭСЭЭ ТРАМВАЙ БАРИХ НЬ ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ ХУРДАН ХУГАЦААНД ШИЙДНЭ
Хотын маань хамгийн том асуудал түгжрэл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түгжрэл хөдөлмөрийн бүтээмжийг, бизнесийн үр ашгийг олон хувиар бууруулж байна. Энийг шийдэхийн тулд нийтийн тээврийг хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид энэ нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд санал болгож байгаа хамгийн эхний төсөл маань трамвайн төсөл. Трамвай бол томоохон хотуудад маш түгээмэл хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл. Метро барихаас хамаагүй бага зардалтай, хурдан хийж болох, хөрөнгө оруулалт нь илүү хурдан нөхөгддөг ийм тээврийн хэрэгслийн төрөл. Багтаамжийн хувьд метроноос нэг их ялгаагүй. Хүчин чадлынхаа хувьд манай монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд маш тохиромжтой. Энэ бол зүгээр нэг санаанаасаа зохиож байгаа зүйл биш. Урьдчилсан судалгаанууд нь байна. Эдийн засгийн үндэслэл тооцооллыг нь хийчихсэн. Техникийн үндэслэлийг нь мөн шалгачихсан. Энэ бол маш богино хугацаанд хотын хөдөлгөөнийг шийдвэрлэх боломжтой төсөл юм.
ХОТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙН ҮҮР УУРХАЙ БАЙХ ЁСТОЙ
Миний хүсээд байгаа зүйл бол хүн болгон ажил амьдралаа өөрийнхөөрөө зохицуулаад явах боломжтой болгох, энэ нь эдийн засгийн үр ашигтай байх энэ боломжоор хангая л гэж. Бизнесээ эрхэлдэг тэр бизнес нь ашигтай байдаг байх ёстой. Манай улсын татварын орчин эдийн засгийн зохицуулалтууд бизнесийг үр ашиггүй байх нөхцөл болж байна. Тийм болохоор бизнесийн байгууллагуудаа дэмждэг эдийн засгийн таатай орчныг бий болгох хэрэгтэй.Үүний олон гарц гаргалгааг бодож боловсруулсан. Гэвч ярилцах цаг маань бага учир товч дурдлаа. Та бүхэн Хүн намын мөрийн хөтөлбөрийг нэг сайн гүйлгээд хараарай бүх тооцоо судалгааг хийсэн цогц төсөл хөтөлбөр бий.