Монголд өнөөдөр нүхэн жорлонгоос 5 сая гаруй тонн боххир хаягдал гарч 1.4 сая тонн нь хуримтлагдсаар байна. Жил ирэх бүр энэ тоо өснө. Монгол өнөөдөр хөгжиж буй улс орон мөртлөө жорлонгийн асуудлаа шийдэж амжаагүй л байна.
Улаанбаатарт одоогийн байдлаар 680 гаруй мянган жорлон тоологджээ. Үүний зуслангийн бүсэд 150 мянган жорлон, аялал жуулчлалын газруудад 10 орчим мянган жорлон бий. Нийслэлийн 465 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ айл бүрийн эрүүл мэндийн асуудал, хөрсний бохирдол өнөөдөр тулгамдсан асуудал болж байна.
Жорлонгийн асуудлыг шийднэ гэж одоогийн эрх баригчид олон нийтээр мөн ч их тоглосон доо. 2020 онд 14.9 тэрбумаар “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” төсөл хөтөлбөр нэртэй нэг хөтөлбөр хэрэгжүүлэх юм болов оо. Тендер зарлаж 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй эко нүхэн жорлонг 200 айлд бариулах ажил эхлүүлэх байтал жорлонгийн нүхтэй л үлдсэн түүхтэй.
Нэг нүхэн жорлон 6250 метрийн радиуст нян бактераа тараадаг гээд бодвол гэр хороололд амьдарч байгаа хүн бүр төдийгүй нүхэн жорлонгүй айл өрхүүд ч өвчилнө гэсэн үг. Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн ялгадсанд агуулагдах олон төрлийн өвчлөл үүсгэгч нян хөрсний усыг ч хүртэл давхар бохирдуулдаг. Бохирдсон усыг айл өрхүүд ундандаа хэрэглэснээр нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлт жил бүр гардаг. Дан ганц нүхэн жорлонгоор хязгаарлагдахгүй угаадасны нүх ч мөн хөрсний бохирдолд нөлөөлж буй. Иймээс эдгээрийг ямар арга замаар шийдвэрлэх боломжит нөхцлүүдийг нь нутагшуулахын оронд ердөө мөнгө идэх талбар болгож харж буй нь харамсалтай.
Тендерийн мөнгө зувчуулсан нөхөд ч мөн хөрсөөр дамжин агаарт тархах, зун нь бороогоор дамжин халдварладаг энэ нян бактераас зайлж чадахгүй л их хотдоо амьдарч л байгаа болов уу. Хүний амьдралын өдөр тутмынг хэрэглээний асуудал дээр хүртэл төр тоглолт хийж, мөнгө цувчуулах арга хэрэгсэл болгож байна гэхээр төр “ядуу” байна гэсэн үг.
Модон жорлон барих асуудалд харъяалагдах яам нь 2020 онд 2.9 тэрбум, 2022 онд 4.5 тэрбумын тендер зарлачихаад өнөөдөр үр дүн нь тодорхойгүй. Төр хүүхэд рүү чиглэсэн олон гоё амлалт, хөтөлбөр ярьдаг атлаа хүүхдийн эрүүл мэндэд заналхийлж буй олон нөхцлүүдийг шийдвэрлэх арга замыг огт илэрхийлдэггүй нь бодлого, сурталчилгаа хоёр нь зөрж буйн илрэл. Бид магадгүй хэдэн зуун жилдээ түүхээ өвлүүлэн ирсэн шиг нүхэн жорлонгоо ч мөн хэдэн зуун жилдээ ярьсаар, мөнгө идсээр байх бололтой.