Сүүлийн үед цагдаа хүчний байгууллагын зарим алба хаагчийн ёс зүйгүй, хүн чанаргүй, ухамсаргүй үйлдэл хуруу дараад тоолмоор олон болж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Угтаа бол төрийн тангараг өргөсөн алба хаагчид хэлж буй үг, хийж байгаа үйлдэл зэргээсээ эхлээд хянуур, ухамсартай, хандлага зөвтэй, биеэ зөв авч явах дадалд сайтар суралцсан байх ёстой. Мөн бусдад цаашлаад нийгэмдээ эерэг түүчээлэгч байх нь зүйн хэрэг. Юуны, хэний төлөө тэд Төрийнхөө сүлдийг магнайдаа залан, төрийн албан хаагчийн тангараг өргөдөг билээ дээ.
Мэдээж сайнтай, муутай хослон сүлэлдэж байдаг энэ нийгэмд хүнлэг чанартай, ёс зүйтэй сайн алба хаагч олон бий. Тэдний зүтгэл, хөдөлмөр, чин сэтгэл, гавьяаг энд үгүйсгэх гэсэнгүй.
Гагцхүү Монголчууд бидний ярьдагаар “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” хэмээх онож хэлсэн үгс ч байдаг.
Тэгвэл хэлэх үгээ хянаж чаддаггүй, хийж буй үйлдлээ хазаарлаж чаддаггүй, тархиндаа муу бүхнээр дүүргэж, өөдгүй аргаар өөрийгөө хооллож тэжээдэг, ухамсаргүй төрийн мөрдөст алба хаагчдаас болж сайн сайхан бусдынх нь нэр хүнд нийтдээ унаж шалаар нэг болж байна.
Төрдөө тангараг өргөж, ард түмний эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг алхам ч гэсэн бүрдүүлэхийн төлөө цагдаа хүчний байгууллагынхан албаа хаан зүтгэх үүрэгтэй. Гэтэл ийм хариуцлагатай хүн ёсны цэвэр ариун байх эрхэм хүндэт албаны нэрийг зарим нэг болчимгүй, увайгүй нөхөд сэвтүүлж буй нь нийгэмд айдас, бас гуниг төрүүлж байгаа нь нууц биш.
Сүүлдээ бид “буруутан олддоггүй нийгэм”-д амьдарч эхэллээ. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагын бодит жишээг дурдъя.
- Насанд хүрээгүй охин хүчиндүүлсэн хэргээ нуун дарагдуулсан. Энэ бусармаг сэдэлтэй хэрэгт цагдаагийн байгууллагын дарга нарыг нь халлаа гэсэн хэдий ч бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлээгүй. “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр сэлгээд л томилчихсон. Ер энэ “сэлгэн томилдог” жишиг Монгол улсын бүх салбарт бичигдээгүй хууль мэт байдаг нь гайхмаар.
- ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай хүүг байцаалтын башир аргаар, харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрнээ бид буруугүй гэх
- Өчигдөрхөн зам тээврийн ослоор олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхийн спортын тод од нас барсан гунигт мэдээний доор сэтгэгдэл бичсэнээ хаяг нь алдагдчихсан гэж мэдэгдэл хийх. Үүнтэй холбоотой тухайн цагдаагийн алба хаагч нь найз нөхдийн шугамаар ойр байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө өмгөөлүүлж цахим хаяг нь алдагдсан тухай худал мэдээлэл цацах зэрэг мөрдөст алба хаагчидтай холбоотой нүдээ хааж, чихээ тагламаар зүй бус үйлдлүүд шил дараалан гарсаар байна. Үүгээр ч зогсохгүй бүр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тус цагдаагийн алба хаагчийн цахим хаяг бусдад алдагдсан хэмээн худал мэдээлэл өгч, өмгөөлөн хамгаалж хаацайлаад суух нь хүн ёсны зүйд нийцэх үү?
Эндээс үзэхэд цаасан дээр буй хууль, дүрэм журмыг хөрсөн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй албанд шударга, үнэний дуу хоолой болсон алба хаагчдыг төрдөө авч ажиллуулах чангатгасан өндөр шаардлага, шалгуур зайлшгүй хэрэгтэй болжээ.
Цагдаа хүчний байгууллагынхан буруугаа шударгаар хүлээх нь хүн ёсны цэвэр, ариун явдал билээ. Эс бөгөөс ард түмэн бид хэнд итгэх эс итгэх учраа олохоо больж, өдрөөс өдөрт айдас хүйдэст автаж, нүд аргаж, чих шуугиж байна.
Энэ нийгэмд Монголчууд бид яг хэнд итгэх ёстой вэ?